“Эдинбүргийн олон улсын цэргийн хөгжмийн 65 дахь удаагийн наадам” 2013 оны 8-р сарын 02-24-ний өдрүүдэд зохиогдож буй. Нээлтийн ажиллагаа энэ сарын 02-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбүрг хотноо албан ёсоор эхэлсэн аж.
Энэхүү олон улсын цэргийн хөгжмийн наадамд Монгол Улс, Шинэ Зеланд, Мексик, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оман, Малти, Шотланд, Их Британий хүндэт харуул, цэргийн хөгжмийн болон мотоциклийн үзүүлбэрийн баг оролцож, Эдинбүрг хотноо дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх 220 мянга гаруй үзэгчдийн хүртээл болгож байгаа юм.
Эдинбүргийн олон улсын цэргийн хөгжмийн наадмыг зохион байгуулснаар Их Британи Улс өөрийн түүх, өв уламжлал, соёл урлагийг дэлхийн нийтэд сурталчлах, бусад улс орнуудтай соёл урлаг, гадаад худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх гадаад харилцааны үндэс суурийг бэхжүүлэх өндөр ач холбогдолтой арга хэмжээ гэнэ.
Тус хөгжмийн наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид анх удаа оролцож буй. Монгол Улсын цэргийн баг нь өөрийн түүх соёл, Чингис хааны байлдан дагуулалт, эзэнт гүрний сэргэн мандалтыг харуулсан урлагийн тоглолтоо сонирхуулж байгаа билээ. Манай үзүүлбэрийн утга санаа, хөгжмийн найруулга, тоглолтын ур чадварыг хүрэлцэн ирсэн үзэгчид болон уг арга хэмжээг зохион байгуулагч тал өндрөөр үнэлж байгаа юм байна.
2013оны 08 сарын 19-ын орой энэ наадмын бүх бие бүрэлдэхүүний дунд урлаг уран сайхны тэмцээн зохиогдсон байна. Энэ тэмцээнд монголын баг маш идэвхитэй ороцож бүжигчин Анхбаяр дэд байр эзэлжээ. Мөн 20-ны нэгдсэн тоглолтонд Лондон хотод суугаа Монгол улсын иргэд манай тоглолтыг үзэж сонирхсон бөгөөд.уран бүтээлчидтэй уулзаж сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, бие бүрэлдэхүүнд амжилт хүсссэн байна.
Цэрэг эрс дайн тулалдааны үед зөвхөн буу зэвсгээр төдийгүй, бас дайчин сүрлэг дуу, хөгжмөөр тэмцдэг. Ерөөс урлаг бол тэмцлийн зэвсэг юм. Түүнд хил хязгаар байдаггүй, орон зай, цаг хугацаагаар хэмжигддэггүй. Их тэмцлийн өдрүүдэд эгшиглэсэн тэр хөг Энх цагийг бидэнд бэлэглэжээ. Одоо ч тусгаар улсынхаа цэргийн урлагийг төлөөлөн тоглолтоо толилуулж яваа уран бүтээлчиддээ халуун талархалаа илэрхийлье.
эх сурвалж: урлаг.мн