АНУ-ын алдарт “Форбес” сэтгүүл 2016 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтаа гаргалаа. Жагсаалтад нийтдээ 74 хүн багтжээ.
Жагсаалтын тэргүүн байранд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бичигдэж, энэхүү жагсаалтыг дөрөв дэх жилдээ дараалан тэргүүллээ. Түүний хувьд бараг дэлхийн өнцөг буланд бүрд Орос орны нөлөөг түгээн дэлгэрүүлж чадаж байна. Эх орондоо, Сирид төдийгүй бүр Америкийн сонгууль дээр хүртэл Путин хүссэн бүхнээ хийж байна” гэж Форбес сэтгүүл бичжээ.
Тэгвэл хоёрдугаар байранд Америкийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, тэрбумтан Дональд Трамп оржээ. Харин гуравт Германы Канцлер Ангела Меркель бичигдсэн бол айргийн тавд Хятадын дарга Си Жинпин, Ромын пап Франциск нар хамтдаа бичигдсэн байна. Тэгвэл АНУ-ын Нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллен зургаа, “Майкрософт”-ийн эзэн Билл Гейтс долоо, “Гүүглэ”-г үндэслэгч Ларри Пейж найм, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ес, “Facebook”-н эзэн Марк Цукерберг 10-т орсон байна.
Хэдийгээр эхний 10-т орж чадаагүй ч дэлхий дахинаа нэр нь түгсэн нэр нөлөө бүхий хүмүүсээс танилцуулахад АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама 48, Английн Ерөнхий сайд Тереза Мэй 13, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд 23, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 37, Америкийн Төрийн нарийн бичгийн даргаар сонгогдоод буй Рекс Тилерсон 24 (Путины найз, ExxonMobil-н тэргүүн), Сирийн Ерөнхийлөгч Башар Асад 63-т тус тус орсон байна. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичиг Антониу Гутерриш, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте нар 70, “Аль-Каида”-гийн толгойлогч Айман аз-Завахири 71- дүгээр байранд бичигдсэн байна.