Хоруу чанар өндөртэй шувууны томуугийн тархалтыг зогсоохын тулд 16 сая гаруй тахиа болон бусад шувууг устгалд оруулаад байна гэж Өмнөд Солонгос Улс мэдэгдлээ.
Тус улсын Хөдөө аж ахуйн сайд Ким Жэ Су баасан гарагт энэ тухай мэдэгдсэн байна.
Энэ оны 11 дүгээр сарын дундуур тус улсын баруун өмнөд нутгийн Хэнам хошууны нэгэн фермд үхсэн тахиануудаас шувууны томуугийн “Эйч5-Эн6” вирус илэрсэнтэй холбоотойгоор шувуудыг устгаж эхэлсэн юм.
Сайд Ким хэлэхдээ “Энэ вирусийн тархалтыг зогсоохын тулд Засгийн газар чадах бүхнээ хийж байна. Гэхдээ нүүдлийн шувууд ирж байгаа нь бидний ажилд хүндрэл учруулж байна” гэлээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бүх хот болон хошуунд шувууны томуугийн тархалттай тэмцэх ажлын хэсгийг байгуулж, бүх зам дагуу халдваргүйжүүлэх тоног төхөөрөмжийг байрлуулна” гэв.
Одоогоос хоёр жилийн өмнө Өмнөд Солонгост шувууны томуу тархсны улмаас 14 сая орчим шувууг устгаж байжээ.