Эх орныхоо хөгжил дэвшлийн тусын тулд би өөрийгөө бүрэн зориулахад бэлэн байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мягмар гарагт хэлжээ. Түүний энэ үг нь ирэх онд болох Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэсэн үг гэж шинжээчид дүгнэж байна.
“НҮБ-ыг удирдах 10 жилийн хугацаанд миний сурсан, харсан, мэдэрсэн бүх зүйл БНСУ-ыг хөгжүүлэхэд тус нэмэр болно гэдэгт би итгэлтэй байна. Би энэ улс орныхоо төлөө өөрийгөө зориулах болно” гэж Бан Ги Мүн мягмар гарагт Нью-Йорк хотод Өмнөд Солонгосын сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлжээ.
Өмнө нь БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ яг тодорхой хэлээгүй байна. Ажиглагчдын үзэж байгаагаар, тэрбээр энэ оны эцсээр НҮБ-ын тэргүүний албан тушаалаа өгснийхөө дараа улстөрд орж магадгүй аж. Тэрбээр 2007 оноос хойш НҮБ-ыг удирдаж байгаа юм.