АНКАРА. /Anadolu/. Энэ долоо хоногийн даваа гарагийн орой Турк дэх ОХУ-ын Элчин сайдын амь насыг бүрэлгэсэн хэргийн ард АНУ-д байгаа лалын шашны номлогчийн удирддаг хөдөлгөөнийхөн бий гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үзэж байна.
Уран зургийн галерейд болсон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр үг хэлж байх үед нь Элчин сайд Андрей Карловыг Мевлют Мерт Алтинтас гэгч 22 настай цагдаа есөн удаа буудан хөнөөсөн юм. Гэмт этгээдийг цагдаа нар хэргийн газарт буудан устгасан билээ.
Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган лхагва гарагт үг хэлэхдээ “гэмт этгээдийг лалын шашны номлогч Фетулла Гуллены сүлжээний гишүүн гэдэгт эргэлзэхгүй байна. Сэжигтний байсан газрууд болон харилцаа холбооны мэдээлэл түүнийг Ф.Гуллены хөдөлгөөнтэй холбоотой болохыг нотлон харуулж байна” гэжээ.
Энэ оны долдугаар сард болсон цэргийн эргэлт хийх оролдлогыг Ф.Гуллен зохион байгуулсан гэж Туркийн Засгийн газар сэжиглэж байгаа юм.
Мөрдөн шинжээчдийн хэлснээр, гэмт этгээд Алтинтас цэргийн эргэлт хийх оролдлогын үеэр ажлаасаа чөлөө аван явсан байжээ.
Түүний авга ах болон найз нөхөд нь ч Ф.Гуллены хөдөлгөөнийг дэмжигчид гэсэн мэдээлэл байна.
Харин Ф.Гуллен мэдэгдэл хийхдээ “Элчин сайдыг хөнөөсөн хэрэгтэй би ямар ч холбоогүй” гээд, энэ халдлагыг “аймшиг террорист үйлдэл” гэж тодорхойлж, ийм халдлага үйлдсэнийг зэмлэн буруушаасан юм
Гэмт этгээд чухам ямар учраас Элчин сайдыг хөнөөснийг олж тогтоохоор Турк болон ОХУ-ын мөрдөгчид хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: montsame.mn