Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны газар нутаг буюу Ногоон зоорь, “Ургах наран” хороололын баруун талд байх ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 ангийн хашаанд олон давхар барилга сүндэрлэж байна. Эл барилга нь орон сууцны барилга мэт харагдах ч үнэн хэрэгтээ эмэгтэйчүүдийн хорих ангийн өргөтгөл юм гэнэ. Товчхондоо бол шоронгийн барилга баригдаж байгаа гэсэн үг.
Эдүгээ улс орны эдийн засаг хүндхэн байгаа, Оюу толгой, Таван толгойн нөхцөл байдал хүндэрсэн гэх мэтийн олон шалтгаан дурьдан засгийн эрх баригчид, эмнэлэг, сургууль цэцэрлэг барихаас цааргалсан хэвээр байгаа. Өнөөдөр гэр хороололын сургуулиудын хүрэлцээ муутайгаас болж сургуулиуд сурагчидаа багтааж ядан, нэг ангид 3 эгнээгээр зэрэгцүүлэн суулгаж, 3 ээлжээр хичээллэж байгаа. Цэцэрлэгийн тухад бүр ярих юм биш. 5 хүүхэд тутмын 1-2 нь цэцэрлэгт орох боломжтой байгаа юм. Энэ бүхний цаана сургуулиь цэцэрлэгийг тоог нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч байгаа. Эмнэлэгийн тухайд мөн л барилгын хүртээмж муутай хэвээр байна. Шинээр баригдах төрөх эмнэлэг, түлэнхийн төвийн эмнэлэг өдий болтол баригдаагүй, эмчлүүлэгчид эмнэлгийн коридорт хэвтэж эмчлүүлэх дээрээ тулж байгаа бодит нөхцөл байдал үүсээд байгаа.
Гэтэл Монголынтөр засаг эмнэлэг барихын оронд өндөр сүрлэг шоронгийн барилга барихыг илүүд үзсэн хэвээр байна.
АН засгийн эрхэнд гарч, шинэчлэлийн гэх Засгийн газар бодлогоо явуулж, хууль зүйн шинэ сайд эл салбарыг удирдаж байгаа ч бүх зүйл хэвээр, иргэнийг хориж цагдан, шүүн яллах бэлтгэлээ базааж байгаа гэлтэй шоронгийн барилга нэмэгдсээр, баригдсаар.
Эл асуудалд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар олон нийтэд хандан тайлбар өгөх нь зүйтэй болов уу.
Иргэд бидэнд эмнэлэг сургууль хэрэгтэй байхад эрх баригчидад иргэнийг хорих шорон гяндан хэрэгтэй байна гэж үү?
Ц.Мөнх