Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2017 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Уг тэтгэлэгт хөтөлбөрт Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцах хүсэлтэй монгол оюутнуудыг хамрагдах боломжтой юм байна.

Бүртгэл нэгдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд 13:00-17:00 цагийн хооронд Монгол-Япон төвд явагдана. Энэ үеэр Японд суралцах тухай ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой гэдгийг Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Сонирхсон оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстой аж.

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

I. Тавигдах шаардлага, болзол

  • Монгол улсын иргэн байх.
  • 1987 оны дөрөвдүгээр сарын 2-ноос 1999 оны дөрөвдүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
  • Монгол улсын их, дээд сургуулийн хоёр эсвэл гуравдугаар курсын оюутан бөгөөд үндсэн мэргэжил нь япон хэл, япон соёл байх (2 дахь гадаад хэл, дагалдах мэргэжлийн хүрээнд япон хэл, япон соёл үзэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Мөн бүртгэлийн үеэр их сургуульд харьяалалтай боловч чөлөө авсан оюутнуудын хувьд шалгалтанд оролцох эрхгүй болно).
  • Япон улсын их, дээд сургуульд япон хэлээр суралцахад хангалттай япон хэлний мэдлэг чадвартай байх.
  • Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх.
  • Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
  • Японд очихдоо “Их дээд сургуулийн оюутан” ангиллын виз авах бөгөөд Японд очсоныхоо дараа визнийхээ ангиллыг сольсон тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.
  • Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.
  • Урьд нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
  • Одоогоор Японд суралцаж байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Харин одоогоор Японд суралцаж байгаа боловч тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө сурч дуусаад Монголд буцаж ирэх нь тодорхой бол энэ шалгалтыг өгөх боломжтой.
  • Өөр ямар нэг шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.

 

II. Бүрдүүлэх бичиг баримт

  • Сургуулийн тодорхойлолт (Элссэн он болон одоо хэддүгээр курсэд суралцаж буйг тэмдэглэсэн байх)
  • Дүнгийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх (эх хувийг үзээд буцааж өгнө)
  • Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан, 3х4 см хэмжээтэй, эгц өөдөөс харсан, нүүр царай тод гарсан, малгайгүй цээж зураг 2 хувь.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнуудаас бичгийн болон ярианы шалгалт авах юм байна. Бичгийн шалгалтыг япон хэлээр авах бөгөөд энэ нь хоёрдугаар сарын 19-ний ням гарагт Монгол-Япон төв, эсвэл МУИС-ийн хоёрдугаар байранд болно. Ярилцлагын шалгалтыг бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс авах ба шалгалт хэзээ авах талаар бичгийн шалгалтад тэнцэгсдэд жич мэдэгдэнэ.

Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн оюутан 2017 оны аравдугаар сараас Японы их дээд сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцах ба уг хугацааг сунгах боломжгүй аж. Суралцах хугацаанд сар бүр 117,000 иений тэтгэлэг олгогдох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Японы Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсээс 320-777 утсаар лавлана.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …