Япон Улсын Засгийн газраас Өмнөд Солонгос Улсын Засгийн газарт өнгөрсөн оны 11-р сард 1 сая иенийг шилжүүлж өгсөн.
Энэхүү мөнгийг 1920-1940 онуудад япон цэргүүдэд барьцаалагдан тэдэнд үйлчилж байсан солонгос эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлийнхэнд өгч байгаа сэтгэл санааны хохирлын төлөөс гэж ойлгож болох юм.
Мөнгийг Өмнөд Солонгосд байгуулагдсан сайн санааны хандивын санд хүлээлгэж өгсөн бол уг сангийн зүгээс эдүгээ амьд сэрүүн байгаа өндөр настан эмэгтэйчүүдэд тэрхүү мөнгийг олгож эхэлсэн байна.
Тэгвэл Японы Ерөнхий сайд Шинзо Абэ даваа гаригт мэдээлэл хийж “Хоёр улсын харилцааг өнөөгийн байдлаас илүү сайжруулахын тулд Японы Засгийн газраас санаачлагатай ажиллаж энэхүү ажлыг хийсэн. Харин одоо Өмнөд Солонгос улсын зүгээс санаачлагатай ажиллаж байгаа гэдгээ үзүүлэх хэрэгтэй. Тиймээс бид Сөүл, Пусан хот дахь Японы Элчин сайдын яамны байрны дэргэд болон өөр бусад хотуудад босгосон “Сандал дээр сууж буй охины хөшөө”-г буулгахыг шаардаж байна” гэж мэдэгджээ.
БНСУ-ын сайн дурын байгууллагын гишүүд хамтран иргэдийн хандивын мөнгөөр буюу 85-н сая воноор 2011 онд Сөүл хотод “Сандал дээр сууж буй охины хөшөө”-г анх босгож байсан ба үүнээс хойш Пусан хот болон Күми, Сувон, Гуангжү зэрэг 6 хотод болон АНУ-ын Калифорни, Канадын Торонто зэрэг гадаадын 2 газарт тус тус босгосон байна.