Манай улсад 1000 орчим сүм хийд үйл ажиллагаа явуулж байна

 

       Монгол улсад таван хүн тутмын дөрөв нь ямар нэгэн байдлаар шашин шүтдэг гэсэн судалгаа байна.  Үүнд будда, бөө мөргөл, христос, протистант, католик гэх мэт шашны сүм хийд манайд зонхилж, үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Харин олон шашны бөөгнөрөл нийгмийг эмх цэгцгүй болгож, цаашлаад эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг гэж судлаачид үздэг байна. Харин бид эргэн тойрондоо бага насны хүүхдийг шашинд уруу татсан, ямар нэгэн өглөг, эд зүйлээр бусдыг мунхруулагч эзэнгүй шашны тухай олныг сонсож, бас харж ирсэн. Миний мэдэх жишээ арван жилийн найз Туул маань сүмд явснаар бусдаасаа холдож, байсхийгээд уйлж, бурхныг дагахгүй бол үхэх талаар ярьсаар яваад замхарсан. Бас нэгэн жишээ. Ангидаа толгой цохьдог сурагч хүү ээж аавынхаа салалтаас үүдсэн сэтгэлзүйн хямралаас болж, бурхны сүм гээчид хандаад өмнөхөөсөө дордож, тэс өөр хүн болчихсон. Зарим иргэд хоол идэхээр очдог, сургааль номлолыг нь ойлгоогүй байх ч жишээ олныг мэднэ. Энэ бол бидний мэдэх л жишээ. Харин үүнийг харсан ч хараагүй мэт, өөгшүүлж явах учиргүй мэт. Саяхан л гэхэд мүүн гээч харийн гажиг шашин манайд ямар хэмжээнд оччихсон байсныг бид харж, мэдэрлээ шүү дээ.

         Хүн бүр шашин шүтэх эрхтэй. Үүнийгээ бид Монгол улсын үндсэн хуулиндаа заачихсан. Гэвч бүртгэлгүй, чиглэл харъяалал нь мэдэгдэхгүй гаж урсгалууд сүүлийн үед олноор нэмэгдэж, үзэл бодол нь төлөвшөөгүй, амьдралын хэцүү бэрхийг туулах тэнхээгүй олон залуусыг эгнээндээ элсүүлж, хохироосоор байна. Олон улсад шашны байгууллагын үйл ажиллагаанд хатуу байр суурьтай хандаж, хууль боловсруулсан байдаг улс орон цөөнгүй.  Харин манай улс төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг 1991 онд батласнаас хойш нэг ч удаа нэмэлт өөрчлөлт хийлгүй ирсэн. Тухайн үед 130 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг байсан тухай дүн мэдээ үлджээ. Харин өнөөдөр зөвшөөрөлтэй 800 орчим, зөвшөөрөлгүй 200 гаруй төр, шашны байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Сайн мэдээ нь төр, сүм хийдийн харилцааны тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан байгаа. Тус хуулиар энэ олон сүм хийдүүдийг бүртгэлжүүлж, Монгол улсын язгуур эрх ашигт нийцээгүй сүм хийд үйл ажиллагаа явуулбал үйл ажиллагааг нь зогсоох хүртэл хуулийн зохицуулалт тусгасан байна.

         Түүнчлэн “Бага насны хүүхдийг төр, шашны арга хэмжээнд оролцуулахдаа эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй татан оролцуулахыг хориглох” заалт оруулжээ. Ийм зөрчил илэрбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлэхтэй тэнцэх хэмжээгээр торгох заалттай. Мөн шашны номлолоо иргэнд хүчээр тулгах, хууран мэхлэх, иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулах, санаа сэтгэлийг нь үймүүлэх, шашны дэг жаягийг тусгасан үйл ажиллагаа, ёс суртахуунд хохирол учруулах, эд мөнгө тараахыг хориглосон. Төрийн харъяаны сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулж болохгүй. Харин танин мэдэхүйн үүднээс хүүхдүүдэд мэдлэг олгох мэдээлэл өгч болох гэнэ. УИХ дээрх хуулийг амьдралд хэрэгжүүлэх шийдвэр гарвал хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг олон тооны сүм хийд үгүй болж, улсын бүртгэлтэй, эцсийн зорилго нь нийгмийн сайн сайхан бусдын төлөө байхад чиглэгдэх учиртай болох нээ.

Э.Ариун

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …