Цагаан ордны албан ёсны сайтад АНУ-ын засаг захиргааны хөтөлбөрүүдийн гол чиглэлүүдийг нийтлэжээ. Хөтөлбөрт эрчим хүч, гадаад бодлого, ажлын байр, батлан хамгаалах чадвар, дотоодын аюулгүй байдал, худалдааны бодлого зэрэг салбарт барих АНУ-ын шинэ засгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд тусгагджээ. Хамгийн гол мэдэгдлүүдийн нэг нь Ази, Номхон далайн бүсийн худалдааны түншлэлийн гэрээнээс гарах төлөвлөгөө, Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээнээс АНУ татгалзаж магадгүй зэрэг асуудал байгаа юм. Үүний зэрэгцээ Трампын засаг захиргаа тус орны нүүрсний аж үйлдвэрүүдийг хөгжүүлнэ гэдгээ энэхүү хөтөлбөрөөрөө дамжуулан мэдэгджээ. Үүнийг шинэ засгийн тунхаглал гэж хэлж болох юм. Хөтөлбөрийг ерөнхийд нь сонгуулийн сурталчилгааны үеийнх шигээ манай арми хүчтэй болно. Америкийн эрчим хүчний төлөвлөгөө бүхнээс чухал гэх мэт уриагаар чимжээ. Трампын засаг захиргаа технологийн нөөцөө ашиглаж, Америкийн нүүрсний аж үйлдвэрийг сэргээнэ. Мөн АНУ-ын ашиг сонирхолд дайсагнасан орнуудын эрчим хүчний хамаарлаас тус орныг салгахын төлөө Ерөнхийлөгч Трамп зогсоно гэдгээ илэрхийллээ. Түүний засаг захиргаа цэрэг армиа сэргээж, ахмад дайчид гавъяаныхаа халамжийг хүртдэг байхын төлөө бүх боломжийг бий болгоно гэлээ. Ерөнхийлөгч Доналд Трамп батлан хамгаалах салбарын төсвийн хуулийг зогсоож, армийг сэргээх төлөвлөгөөний хамт шинэ төсөв гарган, АНУ-ын конгерссэд өргөн барихаа мэдэгдлээ. Мөн Иран, Хойд Солонгос зэрэг орнуудын пуужингийн довтолгооноос хамгаалах хамгаалалтын пуужингийн шинэлэг систем боловсруулан хөгжүүлнэ. АНУ-ын нөөц, үндэсний аюулгүй байдлын системийг хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авна. Кибер орон зайн хамгаалалтын болон довтолгооны боломжийг боловсруулах ажиллагааг тэргүүлнэ зэрэг хэд хэдэн хөтөлбөрүүдийг Доналдын баг цагаан ордны сайтад нийтлэсэн байна.
Э.Ариун