БНХАУ-ын ГХЯ-наас өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж Япон Улсад томоохон сануулга өглөө. Энэ үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин “Түүхээ мартах нь урвалт гэсэн үг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь ялаа улам хүндрүүлж байгаа хэрэг юм” гэсэн байна. Мөн “Японы хэсэг бүлэг хүмүүс түүхийн гэм буруугаа “дарах” тусам “далдайх” болно” гэж хэлжээ. Дэлхийн II дайнаас өмнөх он жилүүдэд Хятад Улс Японы дарангуйлал, түрэмгийлэл дор удаан зовсон агаад тэдгээрээс хамгийн аймшигтай нь “Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хэрцгий геноцид” гэгдэх Нанжины хядлага юм. 1937 оны сүүлээр Японы эзэн хааны армийн цэргүүд Хятадын зүүн зүгийн хамгийн том хот болох Нанжинд нэвтэрч хотын оршин суугчдыг зургаан долоо хоногийн турш хядаж, хүчиндэж, яргалахдаа ойролцоогоор 300 мянга гаруй хүнийг хөнөөсөн гэж үздэг юм. Харин саяхнаас Японы “NHК” зэрэг томоохон телевизүүд Нанжины хядлагыг үгүйсгэсэн мэдээлэл цацаж эхэлсэн нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг ихээхэн хүргээд байгаа юм.
Нинж