
Хятадын эрүүл мэндийн хамгаалал, төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооноос мэдээлснээр 2016 онд Хятадын хүн амын төрөлт 17 сая 860 мянгад хүрснээр 2000 оноос хойш шинэ амжилт болоод байгаа аж. Ингэж хүн амын төрөлт нэмэгдэхэд хоёр хүүхэдтэй болсон гэр бүлүүдийн эзлэх хэмжээ ихээхэн нөлөөлсөн байна. Эрүүл мэндийн хамгаалал, төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооны төлөвлөгөөт төрөлтийн удирдлагын газрын дарга Ян Вэньжуаны ярьснаар “2013 оноос хойш хүн амын бүтэн жилийн төрөлтөд эзлэх хоёр хүүхэдтэй гэр бүлийн хэмжээ хэзээд 30 орчим хувьтай хэвээр байлаа. 2016 он гэхэд хүн амын бүтэн жилийн төрөлтөд эзлэх хоёр хүүхэдтэй гэр бүлийн эзлэх хэмжээ 45 хувьд хүрсэн” гэжээ. Түүнчлэн тэрбээр “2016 он бол гэр бүлийн хосын аль нэг нь айлын ганц хүүхэд байвал, тус гэр бүл хоёр хүүхэдтэй болж болох бодлого хэрэгжүүлсний гурав дахь жил, мөн бүх гэр бүл хоёр хүүхэдтэй болж болох бодлого хэрэгжүүлсний эхний жил юм. Энэ бодлогын үр дүн шат дараатай тодорч, хүн амын төрөлт тодорхой хэмжээгээр нэмэгдлээ” гэсэн юм.
Мөн Ян Вэньжуан цааш нь, “Хятадын Төрийн Зөвлөлийн 40 гаруй салбар бодлогын иж бүрэн системийг идэвхтэй бүрдүүлж, эм эмнэлэг, цэцэрлэг, боловсрол, нийгмийн даатгал, татвар хураамж зэрэг эдийн засгийн холбогдох бодлогыг төгөлдөржүүлж, эх нялхсын үйлчилгээний системийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, мөн хүйсийн тэгш эрхийн арга бодлогыг төгөлдөржүүлэн ахиулж, эмэгтэйчүүд ажлын байраар хангагдах, амралтаа авах зэрэг хууль ёсны эрх ашгийг баталгаажуулж, ажил болон гэр бүлийн харилцааг тэнцвэржүүлнэ” гэжээ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл