“Ард түмний онц түр зөвлөл”-өөс өчигдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ оффшор бүсэд данстай улстөрчдийг шалгах чиглэлийг хууль сахиулах байгууллагынханд өгөхийг хүссэн шаардах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлж байгаагаа мэдэгджээ.
Уг зөвлөл нь оффшор бүсэд данстай улстөрчдийг шалгуулан хариуцлага тооцуулах зорилгоор энэ сарын 18-нд байгуулагдан анхдугаар зөвлөгөөнөөрөө удирдах зөвлөлөө сонгожээ. Үүнээс хойш өдийг хүртэл ард түмэндээ хандсан уриалга, мэдэгдлийг гаргасан бөгөөд энэ удаад Ерөнхийлөгчид шаардах бичиг хүргүүлж байгаа аж.
Зөвлөлийн Ерөнхий зохицуулагч С.Батчулуун “Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага өнгөрөгч оны тавдугаар сард дэлхийн 21 оффшор бүсийн 214 мянган данс эзэмшигчдийн нэрсийг дэлгэснээс манай улсын 49 иргэний данс илэрсэн. Үүний дотор хэд хэдэн улстөрчдийн нэр байгаа ба тэдний оффшор дансанд нийт 17 тэрбум ам.доллар байгаа нь 9 тэрбум ам.долларын гадаад өрийг төлөхөд хангалттай хүрэлцэхүйц мөнгө” гэжээ.
Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Нарангэрэл “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 24-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 53.4 хувийн саналаар дэмжсэн. Гэтэл хуулийн төсөлд гадаадад данстай төрийн албан хаагчийг ял шийтгэлгүй үлдээх тухай заалтууд орсон байна. Иймд УИХ-аар тус хуулийг батлахын өмнө хэвлэл мэдээллийнхэн энэ хуулийг анхааралдаа аваасай” гэж хэлжээ.