Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлагч, гавьяат эдийн засагч Б.Осоргаравыг хүлээн авч уулзлаа.
Улсдаа 50 гаруй жил хөдөлмөрлөсөн Б.Осоргарав дээрх уриалгыг санаачлаад зогсохгүй, хандивын аяныг өөрөө эхлүүлж, ээжийнхээ ачийг бодож 10 сая төгрөг, аавынхаа сургаалийг эрхэмлэж 10 адуу, эх орныхоо эрдэнэс баялгийн дээжийг бэлгэдэж алтан бөгжөө хандивласан юм.
Тэрээр “Эзэн Чингис хааны бахархалт өдөр болон Улс тунхагласан өдрөөр бүх нийтээр амарч, телевизээр эх орны сэдэвтэй олон сайхан нэвтрүүлэг гарсан нь надад энэ санааг өгсөн. Ер нь цагтаа дэлхийн талаас илүүг эзэлж явсан Монгол Улс яахаараа өрөө төлж чадах, чадахгүйгээ дэлхийд дуудуулж явах ёстой юм бэ гэж бодон тооцоо хийж үзсэн” гэж ярилаа.
Гавьяат эдийн засагч Б.Осоргаравын тооцоолсноор, манай улсын найман настнаас эхлээд иргэн бүр 1000-2894 төгрөг хандивлахад 214,692,889,000 төгрөг цуглах юм байна. Мөн 2012 оноос хойшхи улс төрийн албан тушаалтан болох УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, бүх шатны Засаг дарга, ИТХТ-ийн дарга нар 20,000,000-100,000,000 сая төгрөг, үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй аж ахуйн нэгж, 10 мянга гаруй ТББ тус бүрдээ 2-2.5 сая төгрөг хандивлахад өр төлөлт болон эдийн засгийн хямралыг хүндрэлгүй давах бололцоотой юм байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, танилцуулгыг сонссоны дараа, манай өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн, бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай. Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна. Хамгийн гол нь би таны эх оронч сэтгэл, ард түмнээ эв нэгдэлд дуудсан санаачилгыг хүндэлж, бас үнэлж байна гэлээ.
Уулзалтын төгсгөлд Б.Осоргарав, эдийн засагч хүний хувьд улсын эдийн засаг, нөхцөл байдал амаргүй байгааг ойлгож, гадарлаж байгаа, тийм учраас энэ санаачилгаа идэвхтэй үргэлжлүүлнэ гэлээ. Тэрээр удахгүй банкны холбоо, уул уурхай ассоциаци, МҮХААҮТ, бусад ТББ-тай уулзах юм байна. Гавьяат эдийн засагч Б.Осоргарав давхар бас нэгэн зүйлийг ард түмнээсээ, ялангуяа улс төрийн намуудаас хүсч буйгаа уулзалтын үеэр хэллээ. Тэрээр “Миний энэ санаа, санаачилгыг улстөрчид, намууд битгий улстөржүүлээрэй гэж хүсье. Заримдаа хэвлэл харахаар “Бүгдийг зөвхөн буруу талаас нь ярих, тайлбарлах, гуйвуулахад бэлтгэгдсэн юм уу” гэмээр хүмүүс байх юм. Хэрвээ улстөржүүлж, замын дунд гуйвуулчихгүй бол монголчууд эх орныхоо төлөө яаж нэгдэж чаддагийг улстөрчид харна, ард түмэн харуулах болно, би үүнд итгэлтэй байна” гэлээ.
Дашрамд дурдахад түүний санаачилгыг өчигдрийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан /100 сая төгрөг хандивлахаа мэдэгдсэн/-аас эхлээд 100 гаруй мянган хүн дэмжихээ илэрхийлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.