Орц бүрт нэг хүүхдийн цэцэрлэг байгуулъя

 images (1) Хөөрхий дөө, муу эцэг эхчүүд харалган төрийн алдаатай бодлогоос болж ингэж ч зовох гэж. Хүүхэд гэр бүлийн аз жаргал, улс орны ирээдүй. Тэднийг цэцэрлэг сургуулиар хү­мүүжүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэх нь нэг талаас эцэг эхийн үүрэг.

Нэг үеийг бодвол манай эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болох багаас нь хөгжүүлэхийг эрмэлздэг болсон нь өнөөдрийн нөхцөл байдлаас харагдаж байгаа юм.

Харин иргэдээ сурч боловсрох бүрэн эрхээр нь хангаж чадахгүй байгаа төрийг харалган гэхээс өөр яалтай. Өнөөдөр нийслэлийн сур­­­гууль цэцэрлэгийн хү­рэл­­­цээний асуудал нь хамгийн том бөгөөд хэцүү, хэзээ шийдэгдэх эсэх нь  үл мэдэгдэх зүйл болчихоод байна. Жил бүрийн хичээ­лийн жил эхлэх үеэр сур­гууль цэцэрлэгийн эрх­­­лэгч, захирлууд бөөн да­­раалалд дарлуулж, ядар­сан улс болдог. Харин яам, агентлагийнхан нь энэ асуудлыг хэрхэн шийд­вэр­лэх гэж байгаа талаараа хий хоосон зүйл ярьсаар бас л өдөр шөнөгүй толгойгоо гашилгаж байгаа дүр зураг харагддаг.

Гэхдээ тэдний зовлонг түр зуурынх гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Яагаад гэвэл хичээлийн шинэ жил эхэлж, хийдэг ажлаа хийгээд л төрөөс авах ёстой цалингаа хүртэх учраас тэдэнд зовлон биш.

Харин хонон өнжин сур­гууль, цэцэрлэгийн үүд сахиад хүүхдээ эрдмийн өргөөнд оруулж чадаагүй эцэг эхчүүд бүтэн жилийн турш зовлонд унаж, ирэх хичээлийн жилийг хүлээхээс өөр аргагүй болно.

Хүүхдээ төлбөртэй цэцэр­лэгт дараалалгүй оруул­даг дарга нар энэ зовлонг яс махаараа мэдрэхгүй учраас энэ асуудал шийдэгддэггүй биз. Тодруулбал хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг шийдвэрлэх ёстой  томчуудын хүүхэд 4-6 сая төгрөгийн төлбөртэй хувийн цэцэрлэгт  хүмүүжиж байгаа нь нууц биш.

Хэний хүүхэд хаана сурах нь тухайн хүний эрхийн асуудал учраас энд нэр дурдахаас татгалзлаа.

Хамгийн гол нь жил бүр асуудал болгодог цэцэр­лэгүүдийн энэ асуудлыг яаж шийдэхээ мэддэггүй түмний төлөөлөл  болсон төр “том харах” хэрэгтэй байна.

Манай шийдвэр гар­гагчид асуудлыг томоор харж шийдэж байна гээд тэн­гэрийн юм ярьсаар өнөөдрийг хүрсэн нь эцэг эхчүүдэд асар их дарамт учруулаад зогсохгүй тэднийг цэцэрлэгийн манаач аятай хонон өнжин очерлуулж  байгаа нь үнэхээр харам­салтай гэж хэлэхээс өөр юу гэх вэ дээ.

Тухайлбал нийслэлийн боловс­ролын газраас гар­гасан судалгаагаар энэ жил Улаанбаатар хотод цэцэр­лэгийн насны 99 мянган хүүхэд байгаагаас 70-иад хувь нь л сургуулийн өмнөх боловсролд чадан ядан хамрагдах боломжтой гэд­гийг албаны эх сурвалж мэ­дээлж байсан. Үлдэж буй 30 мянган хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт гарц хайх хэрэгтэй байгаа юм.

Өнгөрсөн оны судал­гаагаар нийслэлд 170 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн дүн мэдээ байдаг. Нэг цэцэрлэг дунджаар 6-8 бүлэгт 300-400 хүүхэд хүлээн авдаг гэж тооцвол цэцэрлэгийн хүчин чадал хүүхдийнхээ тооны хаана ч хүрэлцэхгүй болох нь харагдана.

Нийслэлийн 130 гаруй хорооноос өөрийн гэсэн цэцэр­лэггүй хороо 30 ша­хам хувийг эзэлдэг аж. 2012 онд л гэхэд Баянзүрх дүүрэгт 10, Баянгол, Сон­гинохайрхан дүүрэгт тус бүр найм, Сүхбаатар дүүрэгт долоо, Чингэлтэйд тав, Хан-Уул дүүрэгт дөрөв, Налайх дүүрэгт хоёр, Багануур дүүргийн нэг хороо өөрийн гэсэн цэцэрлэггүй гэсэн судалгаа гарчээ.

Нэг үгээр хэлбэл зөвхөн цэцэрлэгийн асууд­лыг цэгц­­­­лэхийн тулд ойрол­цоо­гоор 350 хүүхдийн хүчин чадалтай 86 цэцэрлэг шаард­лагатай байгаа юм.

Энэ бүхнийг улс мөн­гөөрөө барьж байгуулна гэвэл худлаа. Учир нь тө­сөл боловсруулагчид нэг цэцэрлэг байгуулахын тулд 800 саяас нэг тэрбум төгрөг шаарддаг. Өөрөөр хэлбэл нэг сая ам.доллар нэхэж байна шүү дээ. Энэ их  мөнгийг манай улс шуудхан гаргаж чадахгүй.

Цэцэрлэг байгуулахтай холбогдон гарч ирдэг өөр нэг асуудал нь газар юм. Газар чөлөөлөх, шинээр шугам сүлжээ тавих гэх мэт хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд мундахгүй.

Энэ бүхнийг хялбархан шийдэх боломж байна. Тодруулбал нийслэл хотод ямар ч зай үлдээлгүй орон сууцны хороолол сүндэрлэж байгааг хэн хүнгүй харж л суугаа. Эдгээр орон сууцны хорооллуудын орц бүрт нэг цэцэрлэг байгуулах боломж бий.

Швейцарь улсад л  гэхэд орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэг болгодог хуультай юм билээ.

Түүн шиг нэг орцны нэгдүгээр давхрын дөрвөн айлын байрыг төр захиалж, цэцэрлэгийн зориу­лалтаар тохижуулж бол­но. Тэгвэл хамгийн ихдээ 400 сая төгрөгөөр нэг цэцэрлэг байгуулах боломж бүрдэх юм.

Ийнхүү асуудлыг энгийн байдлаар шийдэхгүйгээр нү­сэр ажил ярьж, түүнийгээ эхлүүлээд баахан мөнгө хий зарлагадаад талд нь ороод гацаж замхардаг байдлаас салах хэрэгтэй байна.

Мөн олон хэрэгтэй хэрэггүй хууль баталж байхын оронд цэцэрлэгийн асуудлыг ирэх намрын чуулганаар яаралтай шийд­вэл  олон эцэг эх­чүүдийн маг­най нь тэнийх нь лавтай.

 Д.Баяржаргал

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …