Богдыгоо залах уу, яах бол Шашинаа яаж шинэчлэх вэ?, бурхны олон шавь нараа
Сүүлийн үед монголын интернет орчинд халхын богдын хойт буюу 10 дугаар дүрийг залах тухай, Далай ламтны тухай, мөн шарын шашны хоцрогдлын тухай нэлээд бичих болов.
Монголчууд бидний өвөг дээдэс ер нь бол бүр Нирун буюу Жоужан улсын үеэс эртний хойт Энэтхэгээс үүдэлтэй буддын шашныг мэддэг, ихэс дээдэс ба хааны ордонд буддын шашныг шүтэгчид байсан ба эртний хятадын түүхэнд тэмдэглэгдсэнээр Монгол Жоужан улсын төрийн сайд Силинь (НТ-ын 420-478 онд) санскрит болон хятад хэл мэддэг, мөн энэ үед энэтхэгийн Дармаприя ламыг төрийн багшаар томилсон, тэр нь буддын шашны авхидхарма болон санкхья философийг мэддэг гэж түүхийн сурвалж бичигт тэмдэглэжээ. Гэхдээ эртний монголчууд нийтээрээ өөрөөр хэлбэл жирийн хүмүүс нь буддын шашинд өргөнөөр ороогүй, ерөнхийдөө бөөгийн шашинтай байсан. Чингис хааны үед ч мөн ийм. Гагцхүү Чингис хааны ач хүү Хубилай Хятад орноо их хааны сэнтийд заларч Юань гүрнийг байгуулсан үеэс буддын шашны зарим урсгал дундат зууны монголчуудын нийгмийн амьдралд идэвхитэй оролцох болсон. 1260 онд Хувилай хаан ширээнд суусан ба 1264 онд Түвд орноос өөрөө урин залж ирсэн Пагва ламыг улсын багшаар өргөмжилж буддын шашны сүм, хийд, лам нарт тусгай эрх хэмжээ олгож хуульчилсан.
Хувилай хойт хятадад дайны хэргийг удирдаж байхдаа 1240 онд хятадын буддын шашны зүтгэлтэн Чи-Ши-Хуйюн (1202-1257) хэмээгчээр буддын шашны сургаал, номлолыг заалгаж байгаад 1251 онд түвдийн буддын шашны томоохон лам Пагва-тай танилцан улмаар шавь орж 1253 онд “Түвд жуух” хэмээн алдаршсан зарлиг гаргасан. Хувилай хаан ширээнд суусныхаа дараа хэд хэдэн чухал зарлиг (1261 ба 1264 онуудад ) гаргасаны гол утга санаа нь улсад 1. Хааны төр 2. Шашны (буддын) төр 3. Түшмэдийн төр 4. Лам хуврагийн төр гэж байна. Улсад номын багш буй бөгөөд тэр нь Пагва лам хэмээн зарлигджээ. Буддизмын түвд хэлбэршлийг их гүрний төрийн өндөрлөгт татаж аваачсан Юань гүрэн 1368 онд мөхсөн. Түүний дараа хятадын мин улстай зэрэгцэн оршиж, тэмцэлдэн агсан хаант монгол улс 1368 оноос 1758 оныг хүртэл гурван зуун ерин жил оршин тогтносон болой. Чухам энэ үе XVI зууны 2-р хагасаас төвд хэлбэршлийн буддизмыг монголд эрчимтэй дэлгэрүүлэх үйл явц эхлэжээ. Монголын хаант улсын төрийг барьж агсан Дарайсун (1548-1557 онд төр барьсан), Түмэн (1558-1592 онд төр барьсан, тэд бүгд Хувилай хааны үр сад) хаадын үед цахар ба түмэдийн ноён болох Түмэдийн Алтан (1507-1583) хан 1578 онд түвдийн шарын шашны тэргүүн лам Содномжамцтай (1543-1588) уулзалт зохион байгуулж түүнд анх удаа “Далай лам”гэдэг цолыг өгсөн. Энэ лам бол чингээд зонховын шинэчлэлт хийж үндэслэсэн буддист шарын шашны 3-р “Далай лам” болж байгаа хэрэг. Харин өмнөх удирдагчид нь “Далай лам” гэх цолгүй байсан.
Шинэхэн “Далай лам ” авсан цолныхоо хариуд Алтан ханыг Юань гүрнийг үндэслэгч Хувилай хааны бүх цолыг хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Монгол ноёд (Хувилайн угсааныхан шүү дээ) “далай лам”-тай болоод авсаныхаа дараагаар халхын түшээт хан Гомбодоржийн хүү Занабазар (1635-1724)-ыг анхдугаар Богд гэгээнтнээр өргөмжилжээ. Монголчууд “Далай лам”-тай хийгээд ”Богд”-той болсон үнэн түүхийн сэжүүр энэ болой. Чингэхээр энэ “Далай лам” ”Богд гэгээнтэн” гэдгийн шашны теологийн талын үндэс нь юу юм бэ? гэж асуух ёстой юм. Үүнтэй холбогдоод буддын теологийн нэгэн онолыг аль болохоор товчхон тайлбарлая.
Манай зарим судлагчид, зарим нэгэн эрдэмтэд хэмээгчид буддын шашныг их л шинжлэх ухаанч шашин мэтээр цэцэлдэг нь шинжлэх ухааны зарчимд үл нийцнэ. Буддизм бол өвөрмөц шашин. Дэлхийн том шашин гэгдэх Христийн, Лалын гэх зэрэг нь цөм “Бурхан” гэж онцгой, анхдагч, эгэл биш субъект байна гэдэг. Харин Будда буюу бурхан багш эгэл хүн өөрөө гэгээрсээр буддын номын чанд гарсанаар бурхан болж болно гээд өөрөө амьд бурхан болсон хэмээнэ. Түүгээр ч барахгүй бурханы гэгээрсэн шавь таалал төгссөний дараа их буян хийсэн бол сүнс нь дахин хүний ертөнцөд төрөл олж дахин төрөх буюу их буян хураасаар сансараас ангижирч бурхны оронд төрнө гэсэн сургаалтай. Үүнийг “сүнс дахин төрөх” буддын сургаал хэмээнэ. Ийм учраас дэлхийн философийн ба шашин судлалын ном зохиолд буддизмыг ортодокс бус, эсвэл Heterodox шашин гэж нэрлэдэг.
За чингэж “сүнс” дахин төрдөг юм бол бурхны сайн шавийн сүнс дахин төрөх боломжтой гэсэн энэ үзэл санааг шарын шашныхан улам гүнзгийрүүлж, хутагт хувилгаадын сүнс дахин төрж хойт дүр нь тодорно гэж үндэслэжээ. Үүний нэн тэргүүнд бурхан багшийн сүнс болох ёстой, чингэхдээ бурхны сүнс гурав хуваагдана. Тухайлбал: бурхан буддагийн сэтгэл (ухаан санаа, оюун гэх мэт) нь “Далай лам” болж төрнө, бурхан буддагийн хэл яриа (зарлигдах, заавар, тушаал тогтоох гэх мэт хэл нь) төр захиргааны зүтгэлтэн “Ванчин эрдэнэ”болж хувиран төрнө. Нөгөө бурхан буддагийн бие мах бод нь “Богд гэгээнтэн” (тэр нь халхад төрдөг гэх)-ий дүрээр төрдөг гэж тайлбарладаг. Монголчууд бидэнд бурхны бие лагшин “Богд гэгээнтэн” оногдоно. Нөгөө хоёр чухал зүйл нь түвдүүдэд өөрсдөд нь байдаг. Гэвч манжийн түрэмгийлэлийг эсэргүүцсэн ойрдуудын манжийн эсрэг дайнд халхын зарим ноёд оролцож, түүний дотор 2-р богд дэмжсэн байж магадгүй гэж манжийн хаан хардаад далдуур хорлож алаад цаашдаа 3-р богдоос эхлэн Богдын хойт дүр түвдэд төрнө, тэндээс монголчууд богдыгоо залж авна гэсэн зарлиг гаргасан юм. Чингээд богдын түвд дүрийг шүтэн залбирч ирсэн ажгуу. Одоо манж нар түүхийн давцан дээрээс зайлуулагдаж монголчуудад зарлигдан тушаах чадамжгүй болсон тул мухар сүсэгт түмэн олон богдыгоо монголоосоо тодруулах боломжтой. Түүгээр ч барахгүй XXI зуунд шарын шашнаа улс төрөөс нилээд холдуулж, шинэчлэн боловсронгуй болгох хэрэгтэй. Түүхийг үзвэл шарын шашинд хийгдсэн бүх шинэчлэлт, өөрчлөлтүүд хааны зарлигаар буюу төрийн шийдвэрээр хийгдэж ирсэн байгаа. Тэгэхээр төрөөс шашны тухай хуулиндаа цөөн хэдэн чухал заалтыг л томъёолон оруулах хэрэгтэй. Зарим хүний боддог шиг шашны зүтгэлтнүүд, хутагт хувилгаад, “далай” ба “богд” лам нар шашны шинэчлэлт хийдэг юм биш. Зохион байгуулалтын шинжтэй өөрчлөлтүүдийг зөвхөн хуулиар тогтоож шашны институтуудэд мөрдүүлж болдог.
Богдыгоо залая даа гэвэл чухам яаж залж ирсэнийг нийтээрээ бага зэрэг мэдэх нь зүй болов уу. Богд гэгээнтнийг залах шарын шашны зан үйл нь “Сүнс дахин төрөх тухай” буддизмын шашны номлол дээр үндэслэдэг. Гэхдээ хүн төрөлхтөнд хэдэн мянган жилээр үргэлжилж ирсэн “хүнд ер нь сүнс байдаг юм уу?” гэсэн тун эргэлзээтэй асуудал буй. Тэгвэл буддизм сүнс байгаа тухай хүний амьдралын элдэв баримтыг гаргаж ирдэг. Манай олон нийтэд хамгийн ойрхоны баримтыг хэлбэл: Монгол улсын ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай өнгөрсөн жил телевизээр ярьж байхдаа гурав дөрөв орчим настай ач охин нь түүнээс өөрийн нь талийгаач ханийн хайртай, үргэлж өмсөх дуртай байсан нэгэн ногоон ноосон цамцыг гэнэт нэхэж “чи миний ногоон цамцыг яасан бэ?” гэж сандаргасан тухай дурсаад тэвдэхдээ “чи өөрөө аваад явсан шүү дээ” гэсэн чинь хүүхэд хэсэг зуур гайхсанаа тэгээд мартагнаж тоглоод явсан гэж ярьсан. Үнэндээ бол цамцыг нь талийгаачийг дагалдуулж дуртай юмыг нь хамт оршуулдаг эртний монгол заншилыг гүйцэтгэсэн гэнэ л дээ. Ийм баримт монгол хүмүүсийн амьдралд олон байдаг. Буддист лам нар бол үүнийг “за тэр, сүнс байгаагийн баримт шүү дээ” гэнэ. Харин шинжлэх ухааны хүн бол “Баримт, факт бол мөн, гэхдээ сүнс байгаагийн шууд баталгаа биш ээ. Энэ баримт юунаас үүсэж гарав гэдгийг судлана” гэдэг. Иймэрхүү үзэгдэл, тохиолдлуудыг 300-гаад жил судлаж байгаа мэдлэгийн салбарыг “парапсихологийн ухаан” гэдэг. Харамсалтай нь энэ ухаан одоо болтол шинжлэх ухааны мэдлэгийн салбар болж чадаагүй байгаа.
“Сүнс” гэгдэж нэрийддэг дамжсан мэдээлэл ямар эрчим хүчээр нэг биеийн ухааныг нөгөө биеийн ухаанд дамжуулж байна вэ? гэдэг нь тодорхойгүй юм. Энэ талаар сонирхвол зураг нь энд тавигдсан ном зохиолуудыг үзэж болох юм. Харин бидний гол сонирхол бол “богд гэгээнтэн”-ий хойт дүрийг шарын шашны толгойлогчид яаж тодруулж байдаг вэ? гэдэг асуулт юм.
Ихэнхдээ хойт дүр нь тодрох буддын шашны хутагт, хувилгаад өөрийнхөө ойр дотныхонд “хойт төрөлдөө би тиймэрхүү газар, нэг иймэрхүү гэр бүлд төрөл арилжсанаасаа хойш эндээс тэр зүгт, ер нь төдөн сарын орчим дахин төрье гэж залбирч байна даа ” гэх ухааны мэдээ хэлдэг. Ойр тойрныхон нь тэрнийг нь ихэд нууцлаад тэр зүгт нь, багцаалдсан цаг хугацаанд нь нууцаар мэдээ цуглуулагчдыг илгээж онцгой содон төрөлт болсон эсэхийг бүртгэж байдаг. Жишээлэхэд, “Богд гэгээнтэн”-ий хойт дүрийг бол ерөнхийдөө 3-5 насанд нь тодруулж залдаг, дүр тодруулах тусгай дэг журам шарын шашинд боловсорсон байгаа. “Хойт дүр нь мөн” гэдгийг тусгай комисс (одоогийн үгээр) баталгаажуулж “Далай лам” жуух бичиг (гэрчилгээ юм уу даа) олгодог. Харин манжийн хаан байхдаа бол хааны зарлиг гаргаж тамга бариулана шүү дээ. Нэг иймэрхүү төр, шашны үйлдэл юм. Үр дүнд нь шарын шашинтнууд өглөө, оройгүй залбирч мөргөж байх “амьд будда”-тай болоод авдаг. Харин өөр орны буддистууд бол үүнээс ялгаатай шүү дээ. “Богд гэгээнтэн” бол монголчуудын л “амьд будда” юм. “Далай лам” бол юуны өмнө түвдүүдийн “Living Buddha”, гэхдээ 3-р дүрээс нь эхлээд монголчууд “Далай лам” гэж өргөмжилсөн учраас бас өөрсдийнхөө шашин, сүсэг бишрэлийн үүднээс “далай багш” хэмээнэ. Эдүгээ хүртэл “Далай лам” хэмээх субъект бол монголчуудын буддист шарын шашин шүтлэгийн нэгэн үнэт зүйл болсон байна. Ялангуяа орос ба монголын большевик коммунистууд “Богд”-ыг нь бараг цааш харуулаад дахин тодруулахыг хатуу хориглосон учраас нэг хэсэг “Далай лам”-ыг ихэд шүтэн мөргөж байсан. Арга ч үгүй юм болов уу даа, бүх шашны сүсэгтнүүдийн оюун санааны билэг тэмдэг болсон гэгээнтнүүд байсаар атал ямар адуу малдаа залбиралтай нь биш дээ!
Богдыгоо нэг залаад авбал монголчууд түвдээс авсан шарын шашнаа өөрсөддөө зориулж нилээн шинэчилж, орчин үежүүлэх хэрэгтэй. Үүний тулд “Шашны тухай хууль”-даа:
- 16 хүртэлх насны хүүхдийг заавал иргэний сургуулиар сургаж боловсрол олгох бөгөөд түүнээс дээш насны хүүхэд өөрсдөө сонголтоо хийвэл сүм, хийдийн дэргэдэх шашны тусгай сургуульд суралцаж лам, хувраг болж болно.
- 18 насанд хүрч хуулийн хариуцлага үүрч чадах болсон хойноо сүм хийдэд орон тооны лам хувраг болох сонголтоо хийж болно гэж хуульчлах.
- Лам хүн эхнэр хүүхэд, гэр бүлтэй байж болно. Үүнийг сүм, хийдээс хориглож болохгүй гэж хуульчлах.
- Хутагт хувилгаадыг зөвхөн 18 насанд хүрсэн монгол улсын иргэнээс өөрийнх нь зөвшөөрлийг авч байгаад хутагт, хувилгаанаар өргөмжилдөг болох. Нялх балчир хүүхдийн эрхэнд халдаж хувь заяаг нь өөрийн нь сонголтгүйгээр шийдвэрлэх нь хүний эрхийн ноцтой зөрчил мөн гэж үзэх.
- Сүсэгтэн олноос сүм хийдүүд шашны үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө төлбөр авдагийг хуулиар хориглох ба сүм хийдүүд нь шашны элдэв зан үйл, бурхан шашны тахилга, уншлага явуулахдаа шашны үзвэр, үйлчилгээ хийж байгаа гэдэг утгаар “билет” борлуулж зардлаа нөхөх ашиг олж болно гэдгийг хуульчлан зааж өгөх. Чухамхүү шашин, сүм хийдийн энэ хэсэг нь бизнесийн үйл ажиллагаа юм.
- Монгол шарын шашны сүм, хийдүүд уншлага утлага, хурал номоо заавал монгол хэлээр явуулна гэж хуульчлах.
- Монгол үндэстний нийтийн баяр “монгол цагаан сар”-ыг зөвхөн ”төгс буянтын зурхай”-гаар тогтоож хийнэ гэж баяр ёслолын тухай хуулиар заах.
Энэ мэтийн цөөхөн зүйлийн тодорхой өөрчлөлтүүдийг хуульчилж өгсөнөөр шинэ монгол маягийн шарын шашин төлөвшиж дундат зууны түвд маягийн шарын шашнаасаа аажмаар ангижрах болно. Хэдийгээр монголын олон нийт ихээхэн мухар сүсэгт өдий болтол дарагдсаар байгаа ч төр нь ард түмнийхээ энэ сул талыг хүндэтгэж аажмаар засаж залруулахаас өөр аргагүй. Харин большевик комминустууд, хүч хэрэглэж шийдвэрлэдэг. Манай улсын одоогийн төр хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүлээн зөвшөөрч, соёлт хүн төрөлхтөний өмнө ардчилсан төрт улс гээд тунхаглачихсан учраас мухар сүсэгт мунхарч шашинжсан түмэн ардынхаа өмнөөс зовж л байх шиг. Тэд нь богдтойгоо болчихвол ядахдаа буриадын нэг дацангийн занданшсан шарилд мөргөнө гэж хэд гурван зоосоо үрээд шуураад байх нь багасах л болов уу даа. Одоогийн олон хийдийн том лам нараа тэр болгон тоодоггүй бололтой. Тэгсэн мөртлөө сүсэг бишрэлийнхээ хэрэгцээг яаж хийгээд хангах гэж үйл тамаа цайх бололтой.
Эрхэм хамбууд ба лам нартай Энэтхэг орноо байрныхаа үүдэнд зохиогч миний бие зурагаа татуулж байжээ.
Философийн шинжлэх ухааны доктор, профессор Д. Дашпүрэв