Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн XVI хороонд буюу Хайлаастад 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү цэцэрлэгийн барилгыг “Бат-Энх-Хүү” ХХК-ийн хамт олон канад технологиор барьж ашиглалтад өгчээ. Чингэлтэй дүүргийн XVI хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 1294 хүүхэд байдаг аж. Шинээр баригдсан 246-р цэцэрлэгт хамрах хүрээний буюу тус хорооны Согоотын 41-60 гудамжны 140 хүүхэд одоогоор хамрагдаад байгаа аж. “Манай нийт ажилчдын 40 гаруй хувийг тухайн хорооны иргэд эзэлж байгаа” хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Саранчимэг онцолж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.