МУ-ын ерөнхийлөгч БНАСАУ-н сайд Чой Бу Ил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

553423_708335752514054_684598905_nМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны Ард түмнийг аюулаас хамгаалах яамны сайд Чой Бу Ил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд энэ жил Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Хойд Солонгосын удирдагч агсан Ким Ир Сен Монголд айлчилсны 25 жилийн ой тохиож буйг онцолсон юм.

Сайд Чой Бу Ил Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын-ы мэндчилгээг уламжилж БНАСАУ, Монгол Улсын харилцаа урт удаан хугацааны түүхэн уламжлалтайг тэмдэглэн хэллээ. Цаашид ч хоёр орон уламжлалт найрсаг харилцаагаа ард түмнүүдийн сайн сайхны төлөө үргэлжлүүлэх болно гэв.

Мөн Монгол Улсын Хууль зүйн яам, БНАСАУ-ын Ард түмнийг аюулаас хамгаалах яамны хооронд хамтын ажиллагаа хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ. Энэ оны есдүгээр сард БНАСАУ-д болох хоёр талын Засгийн газар хоорондын комиссын есдүгээр хуралдаан үүнд чухал ач холбогдолтой болохыг хэлж байв. Монгол Улс, БНАСАУ өөрсдийн нөхцөл боломж, давуу талдаа түшиглэн худалдаа, ажиллах хүч солилцох, аялал жуулчлал, биеийн тамир, спортын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой гэдгийг онцлон хэлжээ.

Монгол Улс “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” хийх санаачлагыг дэвшүүлснийг мөн тэмдэглэн хэлээд БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны Ард түмнийг аюулаас хамгаалах яамны сайдын Монголд хийж буй айлчлал хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хууль тогтоох, хууль сахиулах байгууллагуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэн айлчлалд нь амжилт хүссэнээр уулзалт өндөрлөсөн байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …