МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М. ЭНХБОЛД
УЛСЫН ИХ ХУРЛЫН НИЙТ ГИШҮҮДЭД
ТУЛГАН ШААРДАХ БИЧИГ
2017 оны 02 дугаар Улаанбаатар
сарын 08-ны өдөр хот
Монгол Улсыг гадаад өрийн дарамтанд оруулж, нийгэм эдийн засгийн гүн хямралд автуулан, улс үндэснийхээ язгуур эрх ашгаас урваж, дампуурлын ирмэгт авчиран, улсын төсөвт төвлөрөх ёстой байсан асар их хэмжээний мөнгийг оффшор дансанд нуусан нь, нэр бүхий улс төрчидтэй шууд холбоотой болох нь дэлхий нийтэд дэлгэн тавьсан Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумын оффшорын мэдээллээс тодорхой байна.
Дэлхийн улс орнууд оффшор данстай улс төрчдөө огцруулж, гэм бурууг нь шалган хариуцлага тооцож байхад, Монгол Улсын төр засаг шийдвэртэй арга хэмжээ авахгүй байгаа нь тэднийг хаацайлан хамгаалж байгаа үйлдэл төдийгүй, УИХ-ын зарим гишүүд нь “Үндсэн хууль”-ийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасныг огоорон, оффшор данстай хамааралтай улс төрчдийг хамгаалах нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуульд оруулахаар зүтгэж байгаа нь хууль бусаар хөрөнгөжсөн цөөн хэдэн этгээдийг өмгөөлж байгаа ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ҮЙЛДЭЛ гэж үзэж байна.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх эрхэм үүрэгтэй УИХ-ын гишүүд, Та бүхэн Монгол Улсын тусгаар тогтнолд үндэсний аюулгүй байдал алдагдах аюул нүүрлээд буй энэ эгзэгтэй цаг үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн үйл ажиллагааны үндсэн үүрэг зарчмаа биелүүлэхийг Монголын ард түмний нэрийн өмнөөс Бид, ТУЛГАН ШААРДАЖ БАЙНА.
“Үндсэн хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 1-д “ Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.”, 25 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурал төрийн гадаад, дотоод бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж…, шийдвэрлэнэ, 25 дугаар зүйлийн 1.7-т “ Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох онцгой бүрэн эрхтэй” гэж заасан байдаг.
Мөн 2005 оны “Авилгын эсрэг НҮБ-ын конвенцыг соёрхон батлах тухай” Монгол Улсын хуулийн 63-65 дугаар зүйл, 2008 оны “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн тухай” Монгол Улсын 34 дүгээр зүйл, “УИХ-ын тухай хууль”-ийн 33 дугаар зүйлд олгогдсон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлж:
1. УИХ-ын ээлжит бус, онцгой чуулганыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зарлан хуралдуулж, оффшор данстай хамааралтай улс төрчдийн асуудлыг нээлттэй хэлэлцэх,
2. Оффшор данстай хамааралтай улс төрчдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг нэн даруй байгуулах,
3. Хөрөнгө орлогын мэдүүлэгээ хуурамчаар бүрдүүлж, оффшор дансан дахь хөрөнгө мөнгөө нуусан гишүүдэд хариуцлага тооцож, хууль бус хөрөнгө орлогыг нь эх орондоо эргүүлэн татаж авчирах,
4. УИХ-ын гишүүн, төрийн дээд албан тушаал хашиж байсан буюу одоо хашиж байгаа оффшор данстай хамааралтай улс төрчид,
1. УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан С.Баярцогт
2. УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр
3. УИХ-ын гишүүн, УИХ-ын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд
4. УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар
5. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
6. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
7. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир
8. Байгаль орчны сайд асан У.Барсболд
9. Сангийн сайд асан Я.Очирсүх
10. Нийслэл хотын дарга, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл
11. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Ц.Сандуй… гэх мэт нийтэд зарлагдсан нэр бүхий этгээдүүдийн асуудлыг УИХ-ын онцгой чуулганаар олон нийтэд нээлттэй хэлэлцэхийг шаардаж байна
5. УИХ-ын гишүүн бүр манай шаардлагад албан бичгээр хариу өгөх,
Хэрэв УИХ нь эдгээр шаардлагуудыг хүлээн авч, оноогдсон үүрэг хариуцлагаа биелүүлээгүй нөхцөлд оффшор данстай хамааралтай улс төрчдийг шалгуулах “Ард түмний онц түр зөвлөл” дараа дараагийн алхамаа тэмцлийн хурц хэлбэрт шилжүүлэх болно гэдгээ АРД ТҮМНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Тулган шаардах бичгийн хувийг “НҮБ”, “Дэлхийн банк”, “Европын холбоо”, “Олон Улсын Валютын сан”, “Transparency international” байгууллага, “Мөнгө угаахын эсрэг санхүүгийн аргаар тэмцэх олон улсын байгууллага”/ФАФТ/-д байгууллагуудад, мөн ОХУ, БНХАУ, АНУ, Англи Улс, Япон Улсын элчин сайдын яамдуудад тус тус хүргүүлж байгаа болно.
“АРД ТҮМНИЙ ОНЦ ТҮР ЗӨВЛӨЛ”