“Ростех”-ийн захирал С.В.Чемезов Ц.Мөнх-Оргилтой уулзахаас татгалзжээ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчилсан билээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтай хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар хэлэлцсэн байна.
Хэдийгээр Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын төрийн өмчит “Ростех” корпорацийн удирдлагуудтай уулзахгүй гэж манай талаас мэдэгдэж байсан ч тэрбээр тус корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовтой уулзах хүсэлт гаргажээ. Гэсэн ч С.В.Чемезов Ц.Мөнх-Оргилын хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.
Үүгээрээ “Ростех” корпораци УИХ-аас гаргасан олон улсын гэрээ хэлцлийг хүчингүй болгож, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын төр авах гэж шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
Үүнээс өмнө С.В.Чемезов Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг арилжсантай холбоотой тайлбар бичиг ирүүлж байсан юм. Тайлбар бичигт:

Эрхэмсэг ноён Ж.Эрдэнэбат танаа

Танд хүндэтгэлээ илэрхийлэн мэндчилж, “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” /цаашид компаниуд гэх/ Монгол-Оросын хамтарсан компаниудын үйл ажиллагааг дэмжиж, үр өгөөжтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэхийн ялдамд дараахи зүйлийг мэдээлэхийг зөвшөөрнө үү.

2016 оны 6-р сард “Ростех” улсын корпораци “Монголиан коппер корпорэйшн” компанид /худалдан авагч гэх/ өөрийн эзэмшлийн 49 хувийг зарах тухай гэрээ /цаашид гэрээ болон хувьцаа гэх/ байгуулсан билээ.

Энэхүү гэрээг байгуулахдаа талууд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, ОХУ болон Монгол Улсын хууль тогтоомж болон компанитай холбогдуулан Засгийн газар хоорондын гэрээнүүдийг мөрдлөг болгосон.

Өнөөдрийн байдлаар гэрээний нөхцөлүүдийг бүрэн хэрэгжүүлсэн. Хувьцааны төлбөр хийгдсэн, өмчлөлийн эрх нь худалдан авагчид шилжсэн. Гэрээ байгуулсны дараа талууд хэлцлээсээ татгалзах эрхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Гэрээлэгч аль нэг тал нь хэлцлээсээ ухарснаар, нөгөө тал нь Английн болон Уэльсийн хуулийн дагуу Сингапурын олон улсын худалдааны шүүхэд хандаж, нөгөө талаасаа хохирлоо барагдуулах, шүүхийн зардлаа нэхэмжлэх магадлалтай.

Хэлцэлд өөрчлөлт оруулах, эсвэл хэлцлийн үр дүнгийн талаар маргах аваас Монгол улсын олон улсын нэр хүнд болон хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд хэлцэл байгуулах тухай шийдвэрийг хоёр улсын засгийн газраас гаргасныг харгалзан, Монгол Улс ОХУ-ын нэр хүндэд хохирол учруулж болзошгүй.

Иймд манай хоёр улсын сайн хөршийн харилцааг үндэслэн цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх ирээдүйтэй байгаа зэргийг харгалзан, дээр дурдсан мэдээллийг анхааралдаа авахыг танаас хичээнгүйлэн хүсч байна.

Танд гүн хүндэтгэлээ илэрхийлэхийн ялдамд манай цаашдын хамтын ажиллагаа амжилттай хөгжинө гэж найдаж буйгаа илэрхийлж байна” гэж бичсэн байжээ.

Ямартай ч, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын төр эзэмшилдээ авах үндэслэлтэй бөгөөд ОХУ-ын төрийн өмчит корпораци Монголын төрийн асуудалд дангаар оролцож байна уу, аль эсвэл түүний цаана Оросын төр байгаа юу гэдгийг тодруулах нь зүйтэй.

Төгс

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …