ГХ-ны сайд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулиар зочлов

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал А.В.Торкуновын урилгыг хүлээн авч өөрийн төрөлх сургуульд зочлов. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал А.В.Торкунов Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд А.В.Торкунов Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгсөгчдийн нэг Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын төрийн эрхэнд  улс төрийн аль нам гарснаас үл хамаарч төрийн удирдлагын бүрэлдэхүүнд тус сургуулийн төгсөгчид ямагт байдагт таатай байдгаа тэмдэглэв. Мөн 1946 оноос хойш 500 гаруй монгол оюутан Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг амжилттай төгссөн болохыг онцлов.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өөрийн ажил, амьдралын гарааг зөв тавьж өгсөн төрөлх сургууль, багш нартаа байнга талархаж явдгаа илэрхийлэв. Мөн Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн монгол төгсөгчдийн холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хэвээр байгааг мэдэгдэж тус сургуулийн анхны монгол төгсөгчдийн нэг, академич Л.Бира гуайн талаар дурсан ярив. Түүнчлэн монголын оюутнуудыг сурган хүмүүжүүлж буйд талархал илэрхийлэхийн хамт тус сургуульд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх боломжийг судалж үзэхийг хүсэв.

Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2016 онд Монгол Улсын ГХЯ-ны 15 дипломатыг Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулж, сургалтыг амжилттай зохион байгуулсанд мөн талархал илэрхийлж, цаашид ГХЯ-ны шугамаар Монголын дипломат албан хаагчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтад үргэлжлүүлэн хамруулах санал тавив.

Уулзалтын үеэр талууд жил бүр зохиогддог Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгсөгчдийн олон улсын ээлжит чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо 2018 онд зохион байгуулах боломжийн талаар ярилцав. 400 гаруй төгсөгчид оролцсон төгсөгчдийн анхны уулзалтыг Баку хотноо зохион байгуулсан бол энэ жилийн уулзалтыг Астана хотноо зохион байгуулахаар бэлтгэж буй талаар А.В.Торкунов сонирхуулан мэдээлэв. Мөн 1957 оноос зохиогдож буй Дэлхийн оюутан, залуучуудын их наадмын 60 жилийн ой 2017 онд тохиож буй тул ОХУ-ын Сочи хотноо болох уг арга хэмжээнд Монгол Улсаас төлөөлөгчид өргөнөөр оролцоно хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулиар зочлох үеэрээ тус сургуульд сурч буй монгол оюутнууд, монгол судлалын чиглэлээр боловсрол эзэмшиж буй оросын оюутнууд, монголч судлаач эрдэмтэд, багш нартай уулзан тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. Уулзалтыг нээж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал А.В.Торкунов үг хэлэх үеэрээ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын дан онц дүнтэй сургалтын дүнгийн дэвтрийн хуулбарыг гардуулан өгөв.

 

 

 

ГХЯ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …