-Татвар нэмэхгүй гэсэн яасан бэ М.Энхболд даргаа-
Монгол ардын нам УИХ-д сонгуульд татвар нэмэхгүй, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлнэ хэмээн мөрийн төлбөр дэвшүүлж, түүгээрээ ялалт байгуулсан.
Ард түмэнд ус агаар мэт хэрэгтэй байсан энэ санал санаачлагыг дэвшүүлж ажиллана хэмээн ам өгснөөрөө Ардын нам өнөөдөр 65 суудал авчихаад байгаа. Тэгтэл “хийх хүнд арга мундахгүй, хийхгүй хүнд шалтаг мундахгүй” гэгчээр амар хялбараар нь Олон улсын валютын сан /ОУВС/-гийн хөтөлбөрт хамрагдаж, бондын хүү, төлбөрөөс гарах арга замыг сонголоо.
Эндээс Монгол төрийн толгойд ямар ч чадваргүй хэдэн нөхдүүд гарч ажилладаг нь харагдаж байна. Нөгөө талаас хийе, бүтээе гэснээ дардаг, нам, бүлэг гэсэн олонхийн зарчмаар явдаг, хэдэн бүтэлгүй хүмүүсээр удирдуулсан улс орны бодлогыг тодорхойлогч гэсэн нөхдүүд байдаг нь улам бүр тодорхой болов. Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тооцоо судалгаагүй баахан мөнгө зээлж, түүнийгээ үр ашиггүй зарцуулж, идэж уусны харгайг өнөөдөр Монголын ард түмэн хангалттай мэдэрч, балгийг нь нуруун дээрээ үүрч бөхийж буй. Тэгвэл энэ бүх балгийг зас, бондын хүү, төлбөрийг төл, валют, инфляцийн ханшийг бууруул хэмээн үнэмлэхүй олонхи болгож, 65 гишүүнийг нь сонгож, итгэл хүлээлгэсэн ард түмнийхээ сэтгэл рүү Монгол ардын намынхан ус хийлээ. 65-уулаа сонгогдсон МАН-д уулыг нурааж, усыг ч эргүүлэх хүч бий ч тэд ажил хийж чаддаггүйгээ харуулж зүгээр л ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж асуудлыг шийдэхээр боллоо.
Уг нь МАН-д дотоод нөөц бололцоо, гадаад харилцаа холбоогоо ашиглан улс орныг өрийн хямралаас гаргаж болох байсан. Гэсэн ч ард түмний нуруун дээрх ачааг улам хүндрүүлж, гэдсээ тасартал бүсээ чангалсан биднийг дахиад бүсээ чангал хэмээн “зандарлаа”. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар “бүс чангалах” хатуу бодлого хэрэгжиж, 7 төрлийн татвар нэмэгдэж, халамж зогсоно. Ингэснээр одоо байгаа нөхцөл байдал улам хүндэрч, заримынх нь “нурууг хэл үггүйгээр таслах” нь тодорхой боллоо. Мэдээж улс орон нь хямарчихсан, данс нь “улайчихсан” Монгол Улсад итгээд мөнгө зээлэх улс байхгүй.
Харин энэ үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаа нь хар ухаанаар ОУВС Монгол Улсад мөнгө зээлснийхээ хариуд манай татвар, халамжийн бодлогод оролцож, тэндээс босгосон хөрөнгөнөөс өөрсдийнхөө оруулсан мөнгийг гаргаж авах үйл явц юм. Гэхдээ энэ бол гутамшигт явдал. Улстөрчид нь, эрх баригчид нь өөрсдийгөө ямар ч чадваргүй гэдгээ, улс орноо удирдаж чаддаггүй гэдгээ олон улсад нотлон харуулж буй үйл явдал юм. Ялангуяа манайх шиг ийм газар нутаг томтой, байгалийн баялаг ихтэй, 70 сая малтай, 3-хан сая хүн амтай улсын хувьд байж боломгүй ичгэвтэр хэрэг юм. Яахав, МАН ОУВС-гийн хамгийн хүнд нөхцөлтэй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан мөнгө зээлж, түүгээрээ Ардчилсан намын тарьсан “гайнууд” болох бондын хүү, төлбөрийг төлдөг л юм байгааз, гол нь ард түмэн чинь элгээрээ хэвтэх дээрээ туллаа. АН, МАН ялгаагүй ард түмний өмнөөс элгээрээ мөлхөх ёстой.
Тэгтэл МАН тэгэхийг хүссэнгүй, ОУВС-тай нэгдэж өөрсдийгөө аварлаа. Гэхдээ ард түмнээ “золиослоод” шүү дээ. Аливаа улстөрийн хүчин өгсөн амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байж л ард түмний итгэлийг олж дахин сонгогддог. Тэгтэл татвар нэмэхгүй, ард иргэдийн бүсийг чангалахгүй гэж амалсан ч түүнийгээ хөсөр хаяж, “хаан зан” гаргаж буй МАН-д сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нь дахин дахин сануулж, шаардсаар байх болно.
МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс
Төгс