УИХ-аас Монголбанкны өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагааг шалгана

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчлах уу-

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 30-ны хооронд шалгалт хийнэ. Шалгалтаар төгрөг буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдлыг хангах, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхлээд санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэвлэсэн мөнгөний хэмжээ болон алдагдал зэрэгт дүгнэлт хийнэ хэмээн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэв.

Тэрбээр, “Монголбанк 2012-2016 онд найман их төгрөг хэвлэсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанкны тайланд 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай байсан гэсэн байна. Гэтэл саяхан шинээр томилогдсон удирдлагууд нь Монголбанкны алдагдал дөрвөн их наядад хүрсэн гэсэн мэдээлэл өгсөн. Энэ алдагдлыг Засгийн газраас үнэт цаас гаргах замаар нөхдөг бөгөөд улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт учруулдаг. Тиймээс энэ бүх алдаа, дутагдлын шалтгаан нөхцлийг тогтоож, хууль зөрчсөн үйлдүүдэд хариуцлага тооцох ёстой” гэсэн юм.

Мөн Монгол Улсын эдийн засгийн хүндрэл Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой хэмээн Ц.Даваасүрэн гишүүн онцлов. 2012 оны долдугаар сард ам.долларын ханш 1450 төгрөг байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2400 төгрөг болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, төгрөгийн худалдан авах чадвар 70 хувиар буурсан юм. Төгрөгийн худалдан авах чадвар буурах хэмжээгээр ядуурал, эдийн засгийн уналт нэмэгддэг. Монголбанкны зүгээс “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нийт гурван их наяд төгрөг хэвлэж, дотоодод байсан гурван тэрбум ам.долларыг гадаад зах зээлд гаргасан. Түүнчлэн ажилтнууддаа орон сууц олгох нэрийдлээр хэдэн арван тэрбум төгрөг зарцуулсан. 2014 оны зургадугаар сард хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 200 тэрбум төгрөг байсан бол жилийн дотор 900 тэрбумд хүрсэн. Энэ бүх асуудлыг шалгаж, залруулах шаардлагатай гэж УИХ-ын ажлын хэсгээс мэдэгдсэн юм.

Нөгөө талаас 2012 оноос өмнө Монголбанк жилд 120 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос хойш ихээхэн хэмжээний алдагдалтай ажилласан бөгөөд алдаа дутагдлыг нь илрүүлж, залруулах зорилготой шалгалт хийх гэж байна. Харин үүнийг өмнөх Засгийн газарт буруу тохох мэтээр улс төрийн зорилго агуулаагүй гэдгийг ажлын хэсгээс онцолж байв. Ямартай ч, Монголбанкинд хийх шалгалтаар тус банкны ерөнхийлөгч Н.Золжргалын хууль бус үйлдлүүд илрэх нь тодорхой юм. Тиймээс түүнийг баривчилж магадгүй гэдгийг эх сурвалж дурдаж байсан юм.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …