Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Авлигатай тэмцэх газар өнөөдөр мэдүүлэг өгөхөөсөө өмнө хэвлэл мэдээллийнхэнд өөрийгөө ямар хэргээр шалгаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг:”Би гурван зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, Н.Алтанхуяг гэдэг хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байх. Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь илрэх гээд байгаа тийм айдастай цөөхөн бүлэг хүмүүс байдаг. Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй. Ямар ч үнээр хамаагүй зогсоох ёстой гэсэн зорилготой.
Хоёрдугаарт, би төр засагт ажиллаж байх хугацаандаа Монголынхоо ард түмний төлөө, улсынхаа хөгжлийн төлөө, монголчуудыгаа сайхан амьдруулахын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн. Та нар бүгдээрээ мэдэж байгаа. Ганц би ч бид бүгд хамт зүтгэсэн.
Энд ажиллаж байхдаа улсын мөнгөнөөс идэж уух бодол төрөх нь байтугай тийм зүйл хийж байгаагүй. Н.Алтанхуягийг мөнгө идэж уусан хэрэгтэй холбох юмсан гэсэн бодлого, төлөвлөгөөт ажлын үндсэн дээр зургаа, долоон жил ноцолдож байна. Угаасаа хийсэн хэрэг байхгүй болохоор хамаатан садан, ойр хавийн хүмүүсийг шоронд хийгээд тэд нараас Алтанхуяг юу хийснийг хэл гэж шалгаадаг болсон. Тийм учраас дахин та бүхэнд итгэлтэйгээр хэлэхэд надад улсын мөнгөнөөс идэж уусан зүйл байхгүй.
Гуравдугаарт, Эрдэнэт үйлдвэрийг улаан цайв луйвардаад авчихлаа. Ер нь 1990 оны хувьсгалыг хийхдээ цөөхөн хүн баяжаад олонх нь ядуурдаг тийм нийгмийн төлөө ерөөсөө яваагүй. Би ойлгохдоо Их сургуулийн багшийн ажлыг орхиод улс төрд орж байхдаа монголчууд бүгдээрээ сайхан амьдрах тэр нийгмийн төлөө явна гэж үнэнч явсан. Одоо яаж байна Эрдэнэтийг хулгай дээрмээр авчихаад бөөн юм болж байна. Тавантолгой, Оюунтолгой дээр зөндөө юм хийгдсэн. Би АТГ-ынханд олон удаа хэлсэн яг одоо Монголыг болихоо байлгаад байгаа бүлэглэл, хулгай луйвар их байна. Тэд нарыг та нар шалгаач олон баримт хэлсэн шалгадаггүй юм байна лээ гэж тэрээр хэллээ.
Г.Нараа