Б.Лхагвасүрэн: Миний унасан газар угаасан ус урд, хойд Өнжүүл, Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа

XVII жарны Алтан унжлагат тахиа жилийн босгон дээр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж олон эрхмийг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагнал гардуулах ёслол өнөөдөр морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагналт, СГЗ, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол” хүртлээ.  “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол” хүртсэнийхээ дараа “Хүн төрөлхтний үүрээр төрт ёс хууль цаазын хичээлийг их ухаан эрэлхэг зориг илдний ирээр дэлхийд заасан өвөг дээдэстээ баярлалаа. Гэр бүрэлдүүлдэг, төр бүрэлдүүлдэг, дэлхий бүрэлдүүлдэг хүн төрөлхтнөөс толгой өндөр заяасан мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа. Эх орны минь онгон дагшин уулс, аугаа их Алтай, Бурхан халдун, Отгонтэнгэр, Миний унасан газар угаасан ус урд, хойд Өнжүүл, Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа” гэж баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Хүндэт хатагтай, ноёд оо,

Есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнөөс монгол түмнийхээ амар мэндийг айлтган мэндчилье. Ээл ивээлээ хайрласан бичин жил алсарч, буян хишгээ дэлгэх тахиа жил айлчлан ирж байна.

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн босгон дээр эх орныхоо сайн нэрийг даян дэлхийд дуурсгаж яваа алдартнууд, хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа Монголын шинэ түүхийг бичилцэж буй хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга архитектур, инженер, хөнгөн хүнд үйлдвэрлэл, төр, олон нийт, хувийн хэвшилд ажиллагсад болон шинжлэх ухаан нийгэм, улс, соёл, спортын зүтгэлтнүүд зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэн -иргэд маань төрийн эрхэм дээд цол, одон, медаль хүртэж байна.

 Бид бүхний сайн мэдэх Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн бол манай нэртэй яруу найрагчаас гадна, Монголын театр урлагийн тайзнаа нийтийн таашаал дэмжлэгийг хүлээсэн даацтай бүтээлүүдээ олон арван жил туурвин соёл урлагийн урын санг улам баяжуулж байгаа дундрашгүй авъяастай, хөдөлмөрч, ахмад уран бүтээлч юм. Таныг цаашид ч олон сайн бүтээл туурвина гэдэгт би эргэлзэхгүй байна гэж хэллээ.

 

Г.Нараа


Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …