Сайхан маргаашийн төлөө Хэнтийчүүд нэгдэж байна

Улс орон даяараа сар шинийн бэлтгэл ажлаа базааж байгаа энэ үед Хэнтий аймгийн ЗДТГ хөгжилд хөтлөх дэд хөтөлбөрүүдээ иргэддээ тайлагнах арга хэмжээг 2017 оны 2 сарын 24-ний өдөр  ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын хүрээнд хэрэгжих 12 дэд хөтөлбөрүүдийн нээлтийн ажиллагааг энэ өдөр Чингис хотод зохион байгуулсан бөгөөд нээлтэд яам тамгын газрын төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэдээс бүрдсэн 1000 орчим хүн оролцсон юм.
Энэхүү дэд хөтөлбөрүүдийг иргэдийн аж амьдрал, санал хүсэлтэд тулгуурлан боловсруулж аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталсан бөгөөд бүхэлдээ иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх, аймаг орон нутгаа хөгжүүлэх, аялал жуулчлал, жижиг дунд бизнесийг дэмжих, бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт олон санал санаачилга гаргсасан хөтөлбөрүүд болсон билээ.
Үүнд, нийгэмд чиглэсэн “Бүх нийтийн эрх зүйн боловсрол”, “Архидалтгүй Хэнтий”, “Эрүүл мэнд, хөдөлгөөн, хөгжил”, аялал жуулчлал, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх чиглэлээр “Чингис брэнд”, “Хэнтий брэнд”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, “Хоршоог хөгжүүлэх”, “Ажилтай орлоготой өрх”, бүтээн байгуулалтын чиглэлээр “Сумын шинэ төв”, “Манай гудамж-Гэрэлтэй гудамж”, “Мянган нуурын хотгор”, “Төрөлх нутагтаа бид” гэсэн 12 чиглэлээр хэрэгжих юм.
Уг үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ “Дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө нилээд шаардлагатай тул зөвхөн улсын төсөвт найдаад суулгүй бусад эх үүсвэрүүдийг олох, гадны хөрөнгө оруулалтыг татах зэрэг ажлуудыг зохион байгуулж, иргэдтэйгээ хамтдаа хэрэгжүүлж үр дүнд хүргэнэ” гэдгээ илэрхийлсэн юм. Мөн нээлтийн үйл ажиллагаанд урилгаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, ЗГХЭГ-ын орон нутгийн бодлого зохицуулалтын газрын ахлах референт н.Лхагвасүрэн, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга н.Баатарсайхан, БОАЖ-ын сайдын Аялал жуулчлалын салбар хариуцсан зөвлөх, доктор н.Гансүх, ГХБХБЯ-ны газрын дарга н.Гүнболд ЦЕГ- ын НХЖХА-ын Мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Мөнхсолонго болон ЦДБЭЧуулгын уран бүтээлчид, хошин урлагийн “Пароди” хамтлаг оролцлоо.

С.Оюун

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …