Өмнөд Солонгосын Сөүл болон Гуангжү хотуудад анх удаа гудамжинд бэлгэвч худалддаг автоматууд машинуудыг байрлуулж эхэлжээ.
Уг автоматаас 19 ба түүнээс дээш насны иргэд 100-н воноор хоёр ширхэг бэлгэвч худалдан авах боломжтой юм байна.
Гэвч иргэд уг төхөөрөмжийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Энэхүү автомат машин нь өсвөр насны хүүхдүүдэд бэлгэвчтэй л бол бэлгийн харьцаанд орж болно гэсэн ойлголтыг өгч, улмаар эмх замбараагүй бэлгийн амьдралд уруу татах болно” хэмээн шүүмжилж байгаа аж.
Солонгос улсын хувьд бэлгэвчийг дэлгүүр, эмийн сангаар дамжуулан худалдаалдаг ба хэрвээ интернэтээр худалдан авах бол, насанд хүрсэн тухайгаа баталсан албан ёсны баталгаа хийхийг шаарддаг байна.
Үүнтэй холбогдуулан бэлгэвч худалддаг автомат төхөөрөмжийн үйлчилгээ эрхэлж байгаа компанийн зүгээс “АНУ, Австрали болон Европийн холбооны ихэнх оронд бэлгэвч худалддаг автомат төхөөрөмж байдаг. Гэвч тэдгээр улс орнуудад өсвөр насны охидууд үр хөндүүлэх мэс засал хийлгэх тоо нь, Солонгос орны өсвөр насны охидтой харьцуулахад харьцангуй цөөн байна. Бид бэлгэвч худалдах автоматыг бий болгосноор өсвөр насныхныг хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчин авахаас урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байна. Мөн тэд шаардлагатай үед хэн нэгнээс ичиж зоволгүйгээр бэлгэвч худалдан авч байх боломжийг бүрдүүлж байгаа” гэж тайлбарласан байна.
Mglradio.com