ОУВС Монгол Улсын Засгийн газартай тохирцоонд хүрч, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон тухай Сангийн сайд болон тус сангаас мэдээллүүдийг өгсөөр байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд 440 сая ам. долларыг төлбөрийн тэнцлийн хүндрэлийг арилгахад хэрэгжүүлнэ. Мөн Дэлхийн банк, Япон, Солонгосын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гурав хүртэл тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байгаа юм.
Тиймээс өнөөдөр УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд Б.Пүрэвдорж нарын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ОУВС-ийн Монгол дахь суурийн төлөөлөгч Нэйл Сакертай уулзаж, тус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газартай тохиролцсон хэлэлцээрийн талаар болон бусад асуудалд хариулт авсан юм.
ОУВС-ийн Монгол дахь суурийн төлөөлөгч Нэйл Сакерын хэлж буйгаар 440 сая ам.доллар Монгол банкинд шууд төвлөрнө. Үүгээрээ Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусад хандивчлагчдыг тусламжаар орж ирж байгаа хөрөнгө нь төсвийн дэмжлэг мөн тодорхой хэсэг нь төслийн санхүүжилтэд зарцуулагдах юм байна.
Бусад хандивлагчдаас орж ирж байгаа дэмжлэг нь эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх хугацаа урт бөгөөд маш бага хүүтэй дэмжлэг болно. Төсвийн алдагдал өндөр байгаа учраас төсвийн алдагдлыг төсвийн тогтвортой байдлын хуульд заасан хувь хэмжээнд аваачихад хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа гэдгийг ч тэрбээр уулзалтын үеэр хэллээ.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд ОУВС-ийн хөтөлбөр болон бусад дэмжлэг болох гурван тэрбум төгрөгийн ач холбогдлыг ойлгож байгаа ч манай улсын нийт өрийн хэмжээг улам нэмэгдүүлэхээс болгоомжилж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн төсөвт суусан байгаа төсөл хөтөлбөр гэхээсээ илүү үр ашигтай төслүүдэд санхүүжилт өгөхөд илүү анхаарч ажиллана гэдэгт нь найдаж байгаагаа хэллээ.
Манай улсын хувьд 2016, 2017 оны Улсын төсвийг батлахдаа зайлшгүй зардал, хэрэггүй урсгал зардлуудаа бууруулаагүй, дотооддоо өөрсдийн чадах хэмнэлтийг хийж чадаагүй. Энэ тал дээр ОУВС анхаарал тавихгүй шууд иргэдийн татвар нийгмийн даатгалын шимтгэл зэргийг нэмэх болсон шалтгааныг тодруулж, энэ нь иргэдийн зүгээс маш их шүүмлжлэл дагуулж байгааг хэлсэн юм.
Харин Нийгмийн халалмжийн зардлыг танахгүй байх хатуу байр суурьтай байгаа гэдгээ ОУВС-ийн суурин төлөөлөгч хэлэв. Тухайлбал хүүхдийн мөнгийг одоо хамрагдаж байгаа 60 хувийг 40 хувьд нь өгөхөөр шийдвэрлэж, үлдсэн 20 хувийг нь хүнсний талон хэлбэрээр олгохоор ярилцаж байна. Ойрын хоёр жилд төрийн албан хаагчдын цалинг огт нэмэгдүүлэхгүй байхаар Засгийн газартай ярилцсан. Харин Хүнсний талоны тухайд ямар хүмүүст өгөхийг Засгийн газар тогтоох ёстой гэсэн хариултыг тэрбээр хэллээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа ОУВС-гаас Эдийн засгийг эрүүлжүүлэх зөв шаардлагыг тавина гэж хүлээж байсан. Гэхдээ төрийн үр ашиггүй урсгал зардал болон улстөржсөн амлалт маягийн нийгмийн зардлуудыг танах талаар Засгийн газартай хийх хэлэлцээртэй тусгах саналыг дахин илэрхийлсэн. Мөн тэрбээр хүүхдэд зориулагдаж байсан мөнгөний тодорхой хувь хэнд очих гэж байгаа нь тодорхойгүй болж байна. Мөн тэтгэвэрийн насыг хойшлуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэх тухай асуудлуудаас гадна татварын бус нөхцлөөр орлого төвлөрүүлэх боломж байсан гэдгийг хэллээ.
ОУВС-ийн суурин төлөөлөгч хэлэхдээ ирэх сарын 10-наас ажлын 5-10 хоногийн өмнө Монгол УИХ Төсвийн тодотголоо батлах ёстой. Төв банкнаас арилжааны банкуудад хөндлөнгийн гадны байгууллагаар аудит хийлгэж эхэлсэн байх. Мөн төв банк төсөвтэй адилтгах ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхгүй гэсэн урьдчилсан гурван нөхцлийг хангасан байх шаардлагатай. Эдгээр урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн асуудал ОУВС-ийн захиралуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэнэ гэдгийг уулзалтын төгсгөлд хэллээ.