Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат автозамын салбарт нэвтрүүлэх боломжтой шинэлэг технологийг судлах зорилгоор төмөр бетон хийц, эдлэл бэлтгэн боловсруулдаг “Улаанбаатар БҮК” ХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд цементбетон хучилттайгаар барьж байгуулснаар үндэсний үйлдвэрлэл, компаниудаа дэмжих боломжтой талаар сайд Д.Ганбат өмнө нь тус чиглэлийн автозамтай танилцах үеэр хэлж байсан. Тэрбээр эх орны бүтээгдэхүүн болох цементбетон хучилтаар автозам барих хүрээнд тус компанийн үйл ажиллагаа, хүчин чадалтай ийнхүү биечлэн танилцлаа.
Энэ үеэр “Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг цементбетон хучилтаар барьснаар ойролцоогоор 90 сая ам.долларын витумыг импортоор авах зардал дотооддоо үлдэх боломжтой” хэмээн Д.Ганбат сайд онцолж байв. Ингэснээр замын чанар болон ашиглалтын хугацаа уртсах ач холбогдолтой бөгөөд зам засвар арчлалтын зардал ч хэмнэгдэх боломжтой аж.
Цементбетон зам барихын тулд газар дээр нь цутгах болон үйлдвэрлэсэн бетон хавтангаа өрөх гэсэн аргууд байдаг байна. Үйлдвэрлэсэн бэлдэц, хавтангаар энэ замыг барих боломжтойталаар тус компанийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ албаныхан хэлж байлаа.
Тус компани нь сард 30,000 метр куб бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хучилтын нүхтэй хавтан, худгийн бетон хоолой, автозамын даацын төмөр бетон хоолой, явган хүний гарц тунель, замын хашлага зэрэг бүхий л төрлийн төмөр бетон хийц үйлдвэрлэдэг байна.