“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Цэцэд ханджээ

УИХ-ын намрын чуулганаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид шилжүүлсэн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгохыг дэмжсэн билээ. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг шийдвэрийг эсэргүүцэж, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Английн “Стандарт” Өмнөд Африк дахь салбарт барьцаанд тавьсан асуудлыг сөргүүлэн тавьсан юм.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт иргэн Р.Очирбал “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид шилжүүлсэн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Тэрбээр энэ шийдвэр нь Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. Харин Цэц энэхүү асуудлаар хэзээ хуралдах нь одоогоор тодорхойгүй байна.

Сануулахад, УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар шийдвэр гаргаж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид шилжүүлсэн байдаг. Үүнээс өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” корпораци эзэмшиж байсан бөгөөд тус корпораци “Эрдэнэт” үйлдвэрт эзэмшиж байсан 49 хувиа худалдах шийдвэр гаргаж, үүнийг нь “Монголын зэс” корпораци Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчин худалдан авсан юм.

Тэгвэл шинээр бүрдсэн УИХ болон Засгийн газар эл асуудлыг нягтлах шаардлагатай хэмээн ажлын хэсэг байгуулан ажилласнаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс” корпораци худалдан авах үйл явц Монгол Улсын Үндсэн хууль болон хэд, хэдэн хууль тогтоомжийг зөрчсөнийг тогтоож эцэст нь 49 хувийг төрд буцаан авах тогтоол баталсан юм.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …