ТОКИО. /TASS/. Японы Засгийн газрын аппаратад ажилладаг өндөр албан тушаалтан байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг доромжилсон үг хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорчээ. Сайд нарын танхимын тамгын газрын нарийн бичгийн дарга, өдгөө 60 настай Сюнскэ Мутаи өөрөө огцрох хүсэлтээ гаргаж, албан ёсоор уучлал гуйжээ.
Эрх баригч Либерал Ардчилсан намд дээгүүр албан тушаалд ажиллахын сацуу парламентын депутатаар сонгогдсон энэ улс төрчийн талаарх дуулиан өнгөрсөн оны 9 дүгээр сард дэгдсэн байна. Тухайн үед ноён Мутаиг хар салхи болсон газар руу томилолтоор явуулсан аж. Тэгтэл Мутаи усны гутал авч явахаа мартсан учраас ус шалбаагтай газраар явж чадахгүйд хүрчээ. Иймээс парламентын депутатыг түүний туслах нь үүрч явахаас аргагүй болсон ба хожим нь энэ явдал олон нийтэд ил болсон байна. Мутаи энэ үйлдэлдээ уучлал гуйсан боловч ямар нэгэн шийтгэл хүлээгээгүй байна.
Энэ долоо хоногт Мутаи Токиогийн нэгэн зочид буудалд улс төрийн хандив цуглуулахаар зохион байгуулсан хүлээн авалтын үеэр энэ талаар өөрөө сануулан ярьжээ. Тэрбээр хэлэхдээ “9 дүгээр сард дэгдсэн хар салхи нь эрэлт үүсгэсэн тул усны гутал үйлдвэрлэгчдэд ашигтай туссан” гэсэн аж.
Тэрбээр ингэж хэлсэн нь байгалийн гамшигт хохирсон мянга мянган хүний зовлонгоор тохуурхаж байгаа явдал гэж олон нийт үзэж байна. Пүрэв гарагт Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга гутлын талаар түүний хэлсэн үгийг “зохисгүй үгсийн туйл” гэж дүгнэжээ. Тэрбээр ноён Мутаи-д албан ёсоор сануулга өгсөн аж. Парламент дахь сөрөг хүчнийхэн эл асуудлыг хурц хэлбэрээр босгон тавихаар шийдсэн бол Засгийн газар элдэв зүйл ярьж, амгалан тайван байдал алдагдуулсан этгээдээс салахаар шийдсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг