Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт амь, биеэ зориулсан үе үеийн ахмад дайчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Нийслэлийн удирдлагын нэрийн өмнөөс Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэг тань талархаж байгаагаа илэрхийлье.
Монгол Улсын иргэн болж төрсөндөө ямагт бахархаж, эх орныхоо хөгжил дэвшлийн өнөөгийн гэгээн өдрүүдийг бидэнд авч үлдэхийн төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, эх орныхоо нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах хүндтэй гавъяа байгуулсан Монгол цэргүүдийнхээ баатарлаг үйлсийг дурсах, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэх, залуу хойч үедээ залгамжлуулах зорилгоор Монгол цэргийн өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж, энэ ажлын хүрээнд “Батлан хамгаалах багц хуулиудыг нийслэлийн иргэдэд сурталчлах” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Мөн өсвөр үеийнхнийг цэргийн эрдэмд сургах, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгох чиглэлээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран ажиллаж байна.
Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн арга хэмжээ, нийслэлийн болон улсын төсвөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил, хөгжил дэвшлийн талаар дэвшүүлсэн санал, санаачилгыг Батлан хамгаалах яам хүлээн авч хамтран ажиллах гэрээ байгуулан, хүн хүч, техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар 2014 оноос “Оюутан цэрэг” хөтөлбөрийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа магадлан итгэмжлэдсэн их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд хэрэгжүүлж, 2000 гаруй залуусыг хамруулсан бол энэ жилээс Засгийн газрын тогтоолоор “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалт болгон өргөжүүлж, 700 гаруй оюутанд цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулинд заасны дагуу иргэдийн үндсэн үүрэг болох цэргийн гэрээт алба, хугацаат цэргийн алба, цэргийн албыг биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг нөхөн хангах, дайчилгааны бэлтгэл нөөцийг давтан сургах зэрэг нийслэлийн өмнө тавигдсан үүргээ амжилттай зохион байгуулсаар байна.
Монгол цэргийн эрдэм чадвар, эв нэгдлийг даян дэлхийд дуурсган байхын өлзийтэй ерөөлийг Та бүхэндээ дахин дэвшүүлье.
Монгол цэргийн хийморь үеийн үед мандан бадрах болтугай.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Ц.САНДУЙ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД