МОСКВА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка төрийн тэргүүний зөвлөхийн эрхтэйгээр Цагаан ордонд ажиллах болсноор эцгийнхээ “нүд чих” нь болж байна. Энэ тухай Иванкагийн өмгөөлөгч Жейми Горелик Америкийн “Politico” сонинд ярьжээ.
Иванкагийн албан тасалгаа нь АНУ-ын Ерөнхийлөгчийн ордны баруун жигүүрийн хоёрдугаар давхарт байрлах аж. Өдгөө 35 настай Иванка аавдаа зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар зөвлөгөө өгнө гэж өмнө нь хэвлэлүүдэд бичиж байсан юм. Харин одоо үүнээс илүү өргөн хүрээний асуудлуудаар зөвлөгөө өгөх нь тодорхой болжээ. Гэхдээ Америкийн Ерөнхийлөгчийн охин тангараг өргөхгүй, түүнчлэн албан ёсоор ямар нэгэн албан тушаал хашихгүй төдийгүй цалин авахгүй гэнэ.
Дуулиан шуугиан намдахгүй үргэлжилсээр байгаа энэ үед нууц мэдээллийг хадгалж, хамгаалах нь Иванкагийн гол үүрэг аж. “Ерөнхийлөгчийн том хүүхэд эцгийнхээ засаг захиргааны ажилд оролцдог байсан тохиолдол /прецедент/ өмнө нь гарч байсан, хэдийгээр Иванка төрийн тэргүүний зөвлөх биш ч гэсэн сайн дураараа Ерөнхийлөгчийн зөвлөхийн үүргийг гүйцэтгэх юм” гэж Горелик ярьжээ.
Иванкагийн улс төрийн нэр хүнд өдрөөс өдөрт өссөөр байгаа ба түүний нөхөр Жаред Кушнер одоо төрийн тэргүүний ахлах зөвлөхөөр ажиллаж байна.
Өнгөрсөн баасан гарагт Иванка эцгийгээ Германы Канцлер Ангела Меркельтэй Вашингтонд уулзахад нь байлцжээ. Хэлэлцээрийн үеэр хоёр эмэгтэй бие бие рүүгээ харж байсан нь хэвлэл мэдээллийнхний нүдэнд содон туссан байна.
Цагаан ордонд ажиллах болсон явдал нь гайхшрахаар зүйл биш гэж Иванка үзэж байгаа аж. Тэрбээр эцгийнхээ компанид өндөр албан тушаалд олон жил ажилласан учраас ажиллах зарчим, дүрэм журмыг сайн мэддэг болой.
Эх сурвалж: Монцамэ агентлаг