Дахин хувьсгалын босгон дээр…

Хувьсгал уу? Төрийн эргэлт үү?

Хэрэв энэ зунаас “Үндсэн хууль”-ийг өөрчлөх үйл явц эхлээд он дамнавал, Ерөнхийлөгчийн сонгууль санаанд оромгүй байдлаар будилбал, 1990 оны хувьсгалын сценари давтагдвал, онц байдал тогтоовол, газар хөдөлбөл эсбөгөөс одоогоор хамгийн боломжит томъёоллоор “Өнгөгүй хувьсгал” өрнөвөл огт санамсаргүй зүйл лавтайяа биш.

Хэрэв энэ үйл явц өрнөвөл яг 1990 оны сценарийг давтана, ингэхээс өөр арга ч байхгүй, туршлага ч байхгүй. Харин энэ удаад тэр үеийн гүйцэтгэгчид өнөөгийн “нууц ноёд” болохыг л оролдох болов уу! Тогтолцоо өөрийн нөөц бололцоог бүрэн шавхаж байгааг эрх баригчид ч, ард түмэн ч ясандаа тултал мэдэрч, мэдэж байна. Улс орон өрийн занганд орсон, гадаад өрийн үйлчилгээг илүү өндөр хүүтэй зээл авах замаар гүйцэтгэж байна, 2019 оноос түүхий эдийн үнэ өсөх таамаг найдлагад хамаг бооцоогоо тавьлаа, дотоод улстөрийн зөрчил дээд хэмжээндээ хүрсэн, ил зөрчил намжсан ч цурманд ороод газар авч байхтай зэрэгцээд олон нийтийн дургүйцэл хязгаараас давсан байна. Ёстой “Дээдэс хуучнаараа захирч чадахгүй, доодос хуучнаараа захирагдахыг хүсэхгүй” болж хувьсгалын тохироо бүрджээ. Ийм нөхцөлд ямар нэг хөдөлгөөн хийх зайлшгүй шаардлагатай, гэхдээ тэр нь алдаа онооны аль нь болохыг урьдчилж таамаглах аргагүй болжээ.

“Хөдөл даруй хөдөл” нэг алхам, нэг хормын өмнө боловч хөдөл гэдэг зарчим үйлчилж байна. Алгуурлавал арчуулна, ард түмэнд биш л дээ, тэд юу юм. Тиймээс ямар боловч дүрмээ өөрчлөөд ахиад нэг үе тоглох боломж олж авах нь стратегийн хувьд зөв шүү дээ. Угаасаа ард түмэнд мэдэл байхгүй болсон. Тэднийг хуураад ч болов тайвшруулах л хэрэгтэй шүү дээ.

Гадаад тохироо

Гадаад дэмжлэг тасарсан, ялангуяа “Ардчиллын баян бүрд”-ийг усладаг тэр бяцхан үүлнээс бороо горьдоод нэмэргүй болсон байна. АНУ, Япон, БНСУ улстөр-санхүүгийн таамаглашгүй байдалд орсон ба хоёр хөрш сүүлийн хагас жаранд байгаагүй хэмжээнд зэвсэглэлд анхаарлаа хандуулж, болзошгүй дайнд бэлтгэж байна. Хятадын өмнөд ба дорнод хил дээр зөрчил ширүүсч, харин умард хөршийн баруун, баруун өмнөд хил хязгаарт зэр зэвсэг хангинаж байна. Тиймээс хоёр хөрш Монголыг зүгээр л “консервацид” оруулаад бөгсөн дээр нь жин тавиад байхааргүй хоосон орон зай болгочихыг хичээж байна. Газрын тос, дамжуулах хоолойтой бол тал нутагт зэр зэвсэг хангинаж байх байсан биз, байхгүй тулдаа амар амгалан байгаа ч яг дайн тулаандаа тулбал Монголоос хэрэглэх юу байна?

Дэлхийн II  дайны дараах шинэ дэг журамд демонтаж хийх оролдлогууд газар авч, тэр үеийн манай тусгаар тогтнолыг баталгаажуулсан “холбоотнууд” дотроо зөрчилдөж байна. Демонтажид оролцох гүрнүүд манай улстөрийн биш юм гэхэд эдийн засгийн голлох гадаад тулгуурууд. АНУ, ОХУ, БНХАУ, Турк. Эдний эдийн засгийн өрсөлдөөний хаялгад цатгалдаж байсан манай жижиг эдийн засаг одоо тураалдаа орох нь дамжиггүй, бидний муугаас шалтгаалсан л даа, гэхдээ гадаад хүчин зүйлийн нөлөө давамгай…

Саяхныг хүртэл “Оюу толгой”-д найдвар тавьж байлаа, гэвч Хятад ба өрнөдийн гүрнүүдийн харилцааны хүйтрэл нь энэ төслийг алгуур царцааж байна. Эерэгээр харвал хэтэрхий шударга бус гэрээнд тулгуурласан, бүх алдагдлаа ядуу улсад үүрүүлэх монжооч гэрээ царцаж байна, тэгээд зөрчил хурцадвал бүрмөсөн тасалдах болов уу? Их холынх байж магадгүй, үүнд хүртэл, гэхдээ л асуулт байна. “Хэрэв АНУ, БНХАУ дайтвал бид аль талд нь орох вэ?”. Дахин хэлэхэд ингэтлээ хол, гэхдээ шууд тулахгүй ч их гүрнүүд “хүний гараар могой бариулахдаа” сайн байдаг. Үүнд Япон, Өмнөд Солонгос оролцоод эхэлбэл бид яах вэ?

Сайн нь бүх зөрчил биднээс шазар зүйн хувьд жаахан холуур хурцдах бололтой, хэт том гүрнүүдтэй хөршилдгийн ашиг тус л байх даа… Харин эдийн засгийн глобал дэг журамд нь өөрсдөө хүсэн байж орсон бидний хувьд улстөр-эдийн засгийн өчүүхэн нөлөөлөл харин бидэндээ л ахадсан хэмжээнд байх бололтой.

Хоёр жилийн өмнө хамгийн ойрын Казахстаны Ерөнийлөгч энэ нөхцөл байдалд эдийн засгаа тохируулж, Орос, Хятадтай эдийн засгийн интеграцид эрчимтэй орж эхэлсэн. Наад зах нь дайн самуун болбол Орос-Хятадыг холбосон найдвартай гүүр болох боломжтой. 123 тэрбум ам.долларын нөөцтэй энэ улс Алма-Ата Астанаг холбосон хурдны галт тэрэгний төслөө хойш тавиад хүнд даацын автозамаар Хятад-Оросыг холбох, төмөр замын сүлжээнүүдээ бэхжүүлэхэд зарцуулахаа “КСI”-ийн дарга хэлж байв даа, биднийг Казахстанд зочлоход. Тэр хэлсэн бүхнээ хийсэн, харин бид энд төвийг сахина гэж дүвчигнэж байсан даа.
Эдийн засгийн чадамж, бэлэн төсөл байхгүй учраас улстөрийн аргаар бүхнийг хангах гэсэн аргаа барсан оролдлого. Гэвч тэр санаачлага явсангүй, харин ч 2016 оны сонгуулиар улстөрийн санаанд оромгүй нөхцөл байдал үүссэн. Түүнээс долоон дор юм нь Трамп сонгуульд ялж АН-ын гадаад хэлхээ холбоо хэтэрхий суларч хаягдав. Харин МАН-ын хувьд гэнэтийн бэлгийг ашиглаж яадсангүй, Засгийн газар нь намын даргынхаа удирддаг УИХ-ын дарамт дор Ерөнхийлөгчийн сонгуулийн явцуу эрх ашигт баригдаад юу ч хийж чадалгүй бүтэн жилийг ардаа орхилоо.

Одоо яах вэ? Яалт ч үгүй дотооддоо томоохон өөрлчлөлт рүү орохоос аргагүй болжээ, харин бүхий л боломж бололцоог нь олгосоор байтал үүнийг эрх баригч нам хийх чадваргүй юм байна. Уг нь тэдэнд лавуу эрхтэй боломж олгосон, өөрөөр хэлбэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний буюу УИХ-ын 2/3-оос хол илүү суудал  “өгсөн” юм. Даан ч унхиагүй УИХ, даргатайгаа үүнийг хийхийг хүссэнгүй, хэрэв тэд хүсэхгүй бол хэн нэг нь хийж л таараа…

Зам ингэж тодроод байна

1.    Н.Энхбаярын үүрэг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай “зүүн өргөөнд нь” очиж уулзсан тухай мэдээ тарахаас өмнө бүгд ажин түжин сууж байв даа. Уулзалт болсон нь илэрснээс ройш хамгийн таамаглаж болох тохиролцоо нь Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг бүх хэргээс цэвэрлэж, МАН-ын хуваагч болгоод АН-ыг ялуулах гэж харж байв. Үүнд алдаа байсныг өмнөх өгүүлэлдээ тодруулахыг хичээсэн. Ингэвэл хоёулаа Н.Энхбаярыгаа хяналтаас алдаад балиусанд нь хэрчүүлэх байв. Энэ бүрэн магадлалтай хувилбар, СЕХ хар машинаа ашиглаад Н.Энхбаярыг нухчихна гэж байгаа ч тэр машиныг алсаас удирдсан нь АНУ ч биш, БНХАУ ч биш, ОХУ зүгээс байсан тухай гадаад эх сурвалжтай нээлттэй мэдээлэл хангалттай таржээ. Машин нь СЕХ-ны нөлөөллийг нэгмөсөн арчиж байна. Тэгвэл ОХУ Н.Энхбаярыг дэмжинэ, О.Баасанхүү бол энэ хувилбарын л нэг өгөгдөл. Гэхдээ сүүлийн үед дүрээ голоод АН-тай наймаа хийх сонирхлоо ил тод илэрхийлээд яваа тухай яриа их түгж байна. Ийм үед л “чөлөөт алдегидүүд” идэвхждэг. Гэвч АН түүний саналыг хүлээж авахгүй, дээгүүрээ тохирохоо чухалчлана.

Гэвч асуудлыг ахиад нэг алхам цаашлуулж харъя. Н.Энхбаяр нэр дэвших туйлын хүсэлтэйгээр барахгүй итгэлтэй байна, түүний “хөзөр” нь шинэ “Үндсэн хууль” юм. Түүнийгээ зарлачихсан. Гол засвар нь улстөрийн тогтолцооны хэсэгт байна, тодорхой хэлбэл хоёр танхимтай “сонгодог” парламентын тогтолцоог санал болгожээ. Энэ хувилбараа ганцаараа ч хийгээд байгаа юм биш, АН-ын Ерөнхийлөгчийн институцтэй байнга зөвлөлдөж байна, мөн хуучны улстөрийн “ланжгарууд” ч зөвлөгөө нэмэрлэж байна.  Түүний энэ ер бусын дуулгавартай байдал ихээхэн “сэжиг” төрүүлэхгүй байна уу?

Цаашдын үйл явц төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ, сонгуулийн дүнгийн будлиан АН, МАН-ын дунд биш МАН-МАХН-ын дунд үүсэж, харин түүнийг зохицуулагч нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байхаар тохируулсан. СЕХ-нд гал гарч байгаа нь нэг бол өнгөрсөн УИХ-ын сонгуулийн луйврын ул мөрийг устгах, эсбөгөөс Ерөнхийлөгчийн сонгуульд хар машин ашиглахыг хязгаарлах зорилготой байж болзошгүй. Хэрэв машинаар тоолохгүй бол Н.Энхбаярын ялах магадлал буурч, том намуудад илүү боломж үүснэ, харин орон нутаг дахь сүлжээ МАХН-ын дэвшигчийг МАН-тай тэнцүүлэх боломж нэмэгдэнэ. Эндээс будлиан эхэлнэ. Ахиад 7 сарын 1…?

Н.Энхбаяр (МАХН) сонгуульд МАН-д дарамт болох, хуваагч болохоос гадна оч өгөгч болох, “Үндсэн хууль” санаачлах, түүнийгээ сонгуулийн явцад хүчтэй сурталчлах үүрэгтэй…

2. АТОЗ
3 сарын 31-нд АТОЗ-ын жагсаалаар дахин “хувьсгал” эхэлнэ. Жагсаалд МАН-аас бусад бүхий л улстөрийн хүчнийг оролцуулахыг чармайж байгаа нь АТОЗ-ын хувьд зайлшгүй хийх ёстой зөв алхам мөн. 1,4 сая хүнтэй хотоос 100 мянган хүн дайчилж чадвал хувьсгал эрчимжинэ. Эхлэхгүй, учир нь аль эрт эхэлчихсэн.

АТОЗ бол гудамж дүүргэх зорилготой. Харин саяхан тэд дотроо зөрчилдөж Э.Бат-Үүлийг оффшорчин гэж үзэх эсэхээс болж маргалдсан, С.Батчулуун Э.Бат-Үүлийг мултлах гэж оролджээ. Улстөрийн туршлагагүй “хамтын удирдлагын” нөхөд нь улстөрийн давхар нүүдлийг нь үл тооцон С.Батчулууныгаа шүүмжилсэн байна. Үнэндээ оффшортны жагсаалтын эхний 50-д АН-аас Э.Бат-Үүлийн хүү (өөрөө биш), С.Баярцогт хоёр л байгаа. Хүүгийн хэрэгт аав хамаагүй гээд мартвал мартчих л асуудал юм л даа.

Гэвч С.Батчулуун шиг туг барьдаг хувьсгалчгүй бол АТОЗ явахгүй, тэр л жагсаалын гол хүчийг татах баталгаа юм л даа. С.Эрдэнэтэй яриад ядаж л Баянголын АН-ын массыг татна. Тиймээс Э.Бат-Үүлийг суллаад МАН-ын оффшорчдод дарамт учруулах замаар АН-ыг дайчлах гэж байгаа ба нөгөө талд ч бас ийм сонирхол байгаа юм. Харин С.Батчулуунаас бусад нь цэвэр шударгаар хоёр фронт дээр зэрэг дайтна гэсэн байх. Ингэвэл удахгүй ялагдлын гашууныг мэдэрнэ дээ.

3.    Ардын их хурал хөдөлгөөн
АТОЗ гудамжийг хөдөлгөвөл араас нь “Ардын Их Хурлын төлөө хөдөлгөөн” залгах ба амжилтанд хүргэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулж Н.Энхбаярыг зольж, М.Энхболдыг зогсоогоод будлианаар онц байдал зарлачих боломж одоогийн Ерөнхийлөгчид бий. Харин “нийгэм”-д хоёр танхимтай парламентын уриаг маш талархалтай хүлээж авна. Чухам ийм учраас Э.Бат-Үүлийг оффшороос суллах гэж оролдоод байгаа юм л даа.

Нийгмийн үзэл санаа гэдэг ерөөсөө нийтлэгээрээ ард түмний биш, харин улстөрийн амбиц бүхий нам хөдөлгөөдийн идэвхтэнгүүдийн голлох уур амьсгалыг илэрхийлдэг болчихсон юм. Ухамсаргүйгээр, эсбөгөөс далд ухамсрын удирдлагаар үүнийг шохоорхон шүүрч авахад бэлэн 100 хүн хөдөлгөөнүүдэд идэвхтэй ажиллаж байгааг ямар ч судалгаанаас харчихаж болно.

4.    “Ардын үг” төсөл
Одоо суудлаа тавьж өгөх Ерөнхийлөгчид рейтинг хэр чухал вэ? Мэдээж муу рейтингтэй орхивол АН-ын нэр дэвшигчид хортой л доо. Гэвч хэтэрхий их зардал гаргаж Сү.Батболдын “Чингис” зочид буудалд сүртэй найруулж байгаа хөтөлбөр АН-д гэхээсээ илүү одоогийн Ерөнхийлөгчид “улс орноо зөв залж чиглүүлэгч” гэсэн “имиж” суулгахад үйлчлээд байгаа мэт санагдах юм.

Яг үнэндээ улстөрийн хүчний сонгуулийн урьдчилсан пиараас илүүтэй энэ бол МАНАН хэмээх нам дамжсан цөөн хүнтэй бүлэглэлийн толгойд бэхжих оролдлого мэт харагдаад байна. МАНАН-гийн толгойд байхад албаа хүлээлгэж өгсний дараа ч ар талаа найдвартай бөхөлнө гэсэн үг. Мөн энд ноёрхвол Монгол улсад ноёрхоно гэсэн үг. Учир нь яг тэдэнд нийт хадгаламжийн 98 хувь, улсын бодит эдийн засгийн 40 хувь, далд эдийн засаг бараг тэр чигээрээ, тэр тусмаа Монголын гадаад өрийн 2/3-той тэнцэх хэмжээтэй гадаад валют активууд, экспортын 60 хувь төвлөрдөг.

Монгол улс тэдний өрийг хүүтэй нь төлж, Монгол улстэдний гадаад зээлийг баталгаажуулж, Монгол улс тэдний түүхий эдийг экспортлож, Монгол улс тэдний банкинд мөнгөө байршуулж, Монгол улс тэдний барилга байгууламжийг зээлээр хангадаг. Бүр Монгол улс тэднээс мөнгө гуйж урсгал төсвөө тэнцвэржүүлдэг. Ганцхан жишээ, Засгийн газрын дотоод өрийн бичгийн 60 хувийг ХХБ дангаараа эзэмшдэг. Тэгэхээр “Ард түмэн үгээ хэлэхгүй” хаачих юм?

Ийм хүчирхэг суурин дээрээс гудамжинд өрнөх үйл явц ба Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагаа, Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлыг зангидаж удирдаж болно. Одоо энэ зорилгод нэгдсэн “үл үзэгдэгч” удирдлагыг харъя. 1990 оны Ардчилсан хувьсгалын далд удирдлагыг одоо болтол хэн ч олж тогтоогоогүй юм. Координаторуудыг бол тогтоосон, “БЭЗ-БОЗ” схемийг дуулсан хүн үүнийг мэднэ. Хоёр “З” нь байхгүй. Хэрэв энэ схем үнэн гэж батлагдсан бол 1990 оны хувьсгал “төрийн эргэлт” болох байсан, гэхдээ юм хэзээ ч дутуу орхигддоггүй, одоо гүйцээлтээ хийж байна.

Хэрэв энэ төлөвлөгөөг удирдаж байгаа хүмүүсийг харвал энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт ба хувьсгалыг зайлшгүй “Төрийн эргэлт” гэж нэрлэх болно. Гэвч одоо ингээд байх шаардлага байна уу? Хаост орчихлоо шүү дээ. “Хувьсгалын анир”-аар бол энэ удаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хотын дарга байсан Э.Бат-Үүл “АИХ-ын төлөө хөдөлгөөнтэйгээ, АН-ын дарга С.Эрдэнэ намтайгаа, Ардчилсан хувьсгалын партизан С.Батчулуун АТОЗ-тайгаа, “Утааны эсрэг” хөдөлгөөн туслах үүргээ гүйцэтгэсэн, дээр нь Н.Энхбаяр МАХН-тайгаа, жижиг намууд, хөдөлгөөнүүд, дээр нь МАН-аас Сү.Батболд, У.Хүрэлсүхийн фракц нэмэгдэнэ. Ийм хүчээр “хувьсгал” хийх боломжтой юу, эсбөгөөс төрийн эргэлт хийх боломжгүй юу?

Хамгийн гол нь Засгийн газар энэ талаархи бүрэн мэдээллээр хангагдаж чадахгүй байна, учир нь ТЕГ нь сөрөг бүлэглэлийн мэдэлд байгаа юм. Ийм нөхцөлд ТЕГ нь харин ЗГ-аа тагнаж, нөгөө талаа мэдээллээр хангадаг юм байг аа биз дээ? Иймдээ ч Ж.Эрдэнэбатаас илүүтэй М.Энхболд хувийн болон намын шугамаар хамаагүй илүү мэдээлэл олж авч байгаа ч түүнд нь мониторинг хийдэг бүтэц байхгүй, хоёрт М.Энхболд бүхнийг бусдаас нууж байгаагаас асуудлын мөн чанарыг олж харахгүй дүлэгнэсээр санаачлагаа алдаж байна.

Ийм байдлаар 2017 оны наадам гэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт рүү шахчих боломж нээлттэй байна. Хэрэв нэгэнт “Үндсэн хууль” өөрчлөгдвөл Ц.Элбэгдорж ч дахин дэвших эрх нээлттэй болж, бүхнийг шинээр эхэлнэ гэсэн үг ээ…

Гэхдээ түүнээс болгоомжлоод өөрчлөлтийг зогсоох шаардлага байна уу? Би ингэж л бодож байна.

Ацан шалаа ба Ерөнхийлөгч-УИХын зөрчил

Манай Г.Уянгын Ерөнхийлөгчийн асуудлаар АТГ-д гаргасан нэхэмжлэлийг дэндүү шуурхай улайм цайм хэрэгсэхгүй болгож байгаа нь үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл цаанаа улстөрийн том бодлого хэрэгжүүлэхэд туслах нэг л нүүдэл, зүгээр л “шалаа хааж” байна. Үнэндээ хэргийг прокурор “хаасан” ч ард түмний санаанд хавтаст хэрэг үүсчихэж байгаа юм. Энэ бэлэн платформ дээр дараагийн эрх баригчид яаж ч ажилласан дур, ялангуяа Ц.Нямдорж. Оймсыг нь гозойлгосон ч чадна. Яагаад гэвэл татаад сэргээж шалгах бэлэн зэхээний “хэрэг” үүсчихлээ шүү дээ. АТГ бол ажлаа хийсэн …-дугаар хавьаст хэрэг бүрдэж эхэлсэн шүү дээ, прокурор л “түр татгалзсан” болохоос…

АТГ-ын дарга асан Э.Ганболдын хэлсэнчлэн нөхцөл байдал өөрчлөгдвөл ахиж сэргээж шалгах бүрэн боломжтой. АТГ-ыг мэдлээсээ алдсан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд одоохондоо прокурор бол зогсоох ёстой эцсийн зааг мөн. Нөгөө талаас энэ үйл явц Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр гарцаагүй зөрчилдөж муудалцсаныг илтгэж байна. Урд нь хүмүүсийг намнадаг байсан хонгил нь одоо хамгаалалтын хэрэгсэл болж хувирлаа. Хүмүүс нэг зүйлийг анзаарахгүй байна, АТГ яагаад нэхэмжлэлийг хүлээн авч хавтаст хэрэг үүсгэв? Хэрэг үүсгээгүй бол замхрах байсан, ахиад өгсөн ч урд үүсгээгүй баримт гээд хөсөр хаягдах байсан, гэтэл албан ёсоор хэрэг үүсгэчихлээ!!! Энэ бол мэдэгдэм хүчтэй дарамт мөн. Г.Уянга ялагдаагүй, одоохондоо “хайнцлаа”.

Ийм нөхцөлд Ерөнхийлөгч ажлаа зүгээр өгөх нь ч аюултай. Гэхдээ энэ шахаа бол тийм амар хаагддаг эд биш, ацан шалаа шүү дээ. Нөгөө талдаа огцруулах асуудлыг хөндөж байна. Хэрэв салаалбал огцруулах 12 үндэслэл нь тэр тоогоор дарамт учруулж чадна. УИХ-ын гишүүн бүрт бэлэн зэхээний баримтууд орчихсон байна, С.Жавхлан оруулж чаддаггүй юм гэхэд 65 гишүүнээс хэн нь ч чирээд орчиход бэлэн. Энэ аюулыг туршлагатай улстөрч Ерөнхийлөгч л мэдэхгүй байв гэж. Нэг талаас хаврын чуулганыг эхэлмэгц асуудал УИХ-д орно гэж байгаа бол нөгөө талаас “огт хэлэлцэхгүй” гэсэн мэдээлэл түгж байгаа ба ямарваа үйлийн эзэнгүй, учир шалтгаант тайлбаргүй ийм дүгнэлтүүд аюултай байдаг, өөр замгүй л гэсэн үг.

Тиймээс оффшорчдоор нь УИХ-ыг барьцаалж дарахгүй бол гол аюул тэндээс ирнэ. Хэрэв нэгэнт асуудал ороод огцруулж амжихгүй ч нээлттэй үлдвэл эрх мэдлээ өгөөд буусных нь дараа энэ хэргийг үргэлжлүүлж шалгаад АТГ-д байгаа бэлэн хэргийг хамтатгаад явбал Ерөнхийлөгч гарцаагүй “оймсоо гозойлгоно”. Тиймээс АТОЗ-ын үүрэг оффшор гэдэг сэдвээр дамжуулан УИХ-ыг дарамтлахад чиглэсэн мэт харагдаад байна. Ерөнхийлөгчийн асуудлыг “нээх” зорилгоор хаврын чуулганы эхэнд огцруулах асуудал хэлэлцэж эхлэхээс өмнө УИХ-д тарах шаардлага тавьж МАН-ын 49-ийг цолловол наад зах нь УИХ-ын ёс суртахууны “легитим” шинжийг нь арилгаж чадах юм.

Ийм ацан шалаан дунд Ерөнхийлөгч болон тэр талынхан тэр тусмаа оффошорчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар нэг аргаар эхлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчихэж байгаа юм. Гол хямрал бол хуучин тогтолцооны согогоор ужгирч байгаа төрийн институци хоорондын зөрчил юм. Энэ зөрчил доош намуудаар дамжаад олон нийтийн хөдөлгөөнүүдийг хүртэл пирамидийг үүсгэдэг билээ.

Одоо нэг л зүйл дутуу байна. Хувьсгалын удирдагч хэн бэ? Нийтийн дайчилгааг хэн хангаж чадах вэ?

МАН-ын сөрөг хөдөлгөөн

МАН яг энэ чиглэлд идэвхтэй сөрөг ажиллагаа явуулах боломжгүй байна. Засгийн газар хүндэрсэн эдийн засгийн байдал ба ОУВС-ын эргэж буцсан шахамдуулах бодлогыг няцаах гэж хамаг чадавхиа шавхаж байна.

УИХ дахь бүлэг нь хэт нүсэрдсэний дээр чадамжгүй, улстөрийн “хувийн сэдэв” хайж үймж бужигнасан олон гишүүдийн шийдвэргүй чалчаан дунд хөвж байна. М.Энхболд реактив удирдлагад дадсан тул хаа нэгтэй гарч болох сөрөг рейкцийг л дарна уу гэхээс өөрөө удирдаж шийдвэртэй арга хэмжээ авалгүй дүлэгнэсээр өөрийн эсрэг үүл хуралдуулж орхилоо. ЗГХЭГ-ын даргын казиноч араншингаас ЗГ ба УИХ-ын дотор зөрчил үүсээд байна.

Ж.Эрдэнэбат ямар боловч энэ жилийн өрийн үйлчилгээг хугацаанд нь хийж, сөрөг хүчний дарамтыг сөрөх завтай болсон ч өрийг өрөөр дарсан нэр зүүж үлдэв. Хэдийгээр ОУВС-ын тулгасан өндөр хүүтэй зээлийн хүүг бууруулсан ч түүнийгээ ил тод мэдээлэхээс ч болгоомжилж байна. Учир нь энэ жил зальдлаа ч ирэх жил яах болж байна аа? Төрийн гадаад бодлого нэгмөсөн баларсан бөгөөд Монголын гадаад хэргийн сайд хөршийнхөө сайдад “новшоороо” дуудуулан гөлөлзөж байна. ОУВС-ийн шахалтыг ЗГ биш харин нам нь ХКН-тай тогтоосон “өнө эртний ах дүүсэг” харилцаагаараа сөрж тэнцвэржүүлэхийг оролдож байгаа юм.

М.Энхболд, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийн дотоод зөрчил илэрхий болж, нам нь хуваагдалд орж эхэлжээ. Сү.Батболд илэрхий У.Хүрэлсүхийн фракцийг дэмжиж эхэллээ. Ж.Эрдэнэбатын нэр хүнд өсөх, ЗГ хүчирхэгжихээс МАН-ын “сөрөг хүчин” хамгийн их болгоомжилж байна. Түүнийг цаашид Ерөнхий сайдаараа ажиллаж, намын дарга болох вий гэж тэсгэл алдсан болгоомжлол одоо бүр ил тод яригдах болжээ. Одоо МАН-д М.Энхболд хотын фракцид тулгуурласан 30 хувь, У.Хүрэлсүх “Зүүний хүчний холбоо ба залуучуудад тулгуурласан 30 хувь, Ц.Нямдорж тэргүүтэй хууччуулын нөлөөнд 30 хувь, Сү.Батболдод 10 хувийн хяналт байна. Энэ хуваагдал битүүрэхэд их хүнд, дотоод зөрчил нь эвлэршгүй юм.

Эцсийн арга болгож С.Баярыг Лондонгоос дуудуулж МАНАН бүлэглэлийн дотоод тохиролцоо, намын дотоод эв нэгдлийг хангая гэсэн эцсийн хувилбарыг ярилцаж байна. Харин С.Баярыг Ичинхорлоо гэдэг хүүхэн Лондонд аргамжаад хөдөлгөхгүй байна. Харин МАнын аппарат үүнд их дургүй байгаа бөгөөд нэгэнт арилсан сүнс сүүдрийг буцааж босгох ямар хэрэг байна? гэлцэх ажгуу. Ингэсээр С.Баяртай баяргүй лидерүүдийн хооронд тохиролцоо хийгдсэн байна, ингэхгүй бол өмнөх “Гурван Э”-гийн адал явдалд дүрсэлсэнтэй төстэй хувилбараар сонгууль явагдаж МАН ялагдаж болзошгүй болжээ. Тохироо нь М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвших, Ц.Нямдорж УИХ-ын дарга болох, У.Хүрэлсүх намын дарга бөгөөд Ерөнхий сайд болох, ингэхдээ Сү.Батболдын фракцийн эрх ашгийг давхар хангах болжээ. Хөөрхий Ж.Эрдэнэбатаар субботник хийлгэнэ гэсэн, хийлгэсээр “мартлаа”.

Үүнээас цаашх үйл явцын өрнөлийг тодорхойлъё гэвэл “АН ба Ерөнхийлөгч” бүлэглэл нэг бол Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, өөрийн “тоглоомын” хүнийг тавих замаар хойчоо сайжруулах, хэрэв бүтэхгүй бол дахин хувьсгалаар төрийн эргэлт хийж, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар бүхнийг замхруулах шийдсэн хувилбараар тоглоод эхэллээ… Дахин хувьсгалаа харах уу? Идэвхтэй оролцох уу? гэдэг хувилбар л таны сонголтонд үлдлээ…

Нийтлэлч А.Баатархуяг

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …