Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр олон чухал уулзалтуудыг хийсэн. Тэгвэл өчигдөр орой 18:00 цагийн үед Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж, уулзалтаар Япон Улсаас 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авахаар тохирсон байна. Энэ тухай УИХ-ын даргын зөвлөх Ж.Мөнхжаргал “Япон улсаас 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авахаар тохирлоо. Жилийн 1-1.5-хан хувийн хүүтэй, хугацаа урт, 30 жил. Эдийн засгийн хямралтай байгаа манай улсын хувьд дээрх шийдвэр боломж юм. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг үр өгөөжтэй зарцуулж, эдийн засгаа өөд нь татах учиртай” гэж жиргэсэн юм.
Мөн доорх мэдээллийг УИХ-ын дарга М.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа нийтэлсэн юм.
1991-2013 он хүртэлх хугацаанд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад нийтдээ:
- 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж,
- 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл,
- 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлсэн байдаг. Энэ нь ойролцоогоор 2.1 их наяд төгрөг буюу дээрх 850 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээ юм.
Гадаадын улс орон, олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон Улс дангаараа олгож байна.
Нинж