Өмнөд Солонгос Улсын Сөүл хотын цагдаагийн газраас тус улсад гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын дөрвөн иргэнийг саатуулсан байгаа бол уг хэргийн хамсаатан болох Монгол улсын иргэн, 27-н настай эрэгтэй Т-ийг гадуур байцааж эхэлжээ.
Монгол залуу Т нь Сөүл хотын нэгэн казиногоор үйлчлүүлж байхдаа Хятад Улсын иргэн, Солонгос үндэстэн Хунг гэгдэх хүнтэй танилцсан ба тэрээр Монгол залууд “Өөрийнхөө нэр дээр болон бусад гадаад хүний нэр дээр банкны карт, дэвтэр нээж өгвөл, тухайн хүнд 100-н мянган вон, чамд ч бас 100-н мянган вон өгье” гэсэн санал тавьсан байна.
Тэрээр уг саналын дагуу гадаадын иргэдээс тэдний нэр дээр нээсэн банкны дэвтэр болон картыг тус бүр 100-н мянган вон буюу Монголоор 210-н мянган төгрөгөөр худалдан авч, цааш Хунг гэгдэх хүнд дамжуулан өгч байжээ.
Гэвч Хунг тэргүүтэй хүмүүс нь интернэтээр дамжуулан олж авсан Солонгос эмэгтэйчүүдийн хувийн нүцгэн зураг, видео бичлэг зэргийг олон нийтэд тараана хэмээн айлган сүрдүүлж, улмаар мөнгө нэхэж авч байсан хэрэг үйлдэгсэд ажээ.
Цагдаагийн газрын урьдчилан илрүүлсэнээр тэд сүүлийн 2 сар гаруйн хугацаанд айлган сүрдүүлэх аргаар олон арван эмэгтэйчүүдээс 420-н сая орчим вон авсан ба энэхүү мөнгийг банкнаас авахдаа бусдын нэр дээр нээсэн банкны карт, дэвтрийг нэг удаа ашиглаад хаядаг байсан байна.
Тэгвэл Монгол залуу Т нь уг бүлэг гэмт хэргийн нэг хамсаатан болж шалгагдаж байгаа юм байна.
Mglradio.com