Өмнөд Солонгос Улсын Чежү арлын Согүйпү дүүрэгт Монгол улсын иргэн 41-н настай эмэгтэй А нь зам тээврийн осол гаргаж, нутаг нэгтнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг үйлдсэн билээ.
Тэрээр хэрэг гардаг өдөр амь насаа алдсан 35-н настай, Монгол эмэгтэй Б-гийн хамт явж байсан ба тэд замдаа түр зогсч амраад цааш хөдлөхдөө жолооч осол гаргаж, түүнийг машинаараа дайрсан байна.
Гэвч А нь хэргийн газарт түүнийг орхин зугатаасан ба долоон цагийн дараа цагдаагийнханд саатуулагдсан юм байна.
Тэгвэл хэргийг шалгаж байгаа Чежү арлын цагдаагийн газраас Монгол эмэгтэй А нь хэрэг үйлдэх үедээ ганцаараа биш, харин түүнтэй хамт Чежү арлын цагдаагийн газрын нэгэн ажилтан, Солонгос иргэн Ким байсныг илрүүлжээ.
Солонгос цагдаагийн ажилтан Ким “Би уг машинд сууж явсан нь үнэн. Гэвч согтууруулах ундаа хэт их хэрэглэсэн тул машинд суусан цагаасаа эхлээд унтсан учраас хэрэг гарсанг мэдээгүй” гэж мэдүүлжээ.
Монгол эмэгтэй баригдсаныхаа дараа цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт “Хэрэг гарах үед би ганцаараа байсан” гэж худлаа мэдүүлж байсан юм байна.
Чежү арлын цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.
Mglradio.com