Дэлхийн II дайны үеэр Япон Улс Өмнөд Солонгост хяналтаа тогтоосныхоо тус улсын охид, эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан билээ. Тэгвэл Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон нийтийн байгууллагын зүгээс өнгөрсөн үйл явдлыг сануулах, “зугаацуулагч эмэгтэй” хэмээгдэж байгаа тэдгээр эмэгтэйчүүдээс өдгөө амьд сэрүүн байгаа хохирогч хүмүүст нөхөн олговор олгохыг шаардаж Бусан хот дахь Японы Ерөнхий консулын газрын гадаа нэгэн хөшөөг босгосон юм.
“Зугаацуулагч эмэгтэй” хэмээх уг хөшөөний улмаас Япон, Солонгосын харилцаанд ан цав үүсч, Японы Засгийн газар Өмнөд Солонгосын Засгийн газарт хагас зуун жилийн өмнөх гэмт үйлдэлдээ 1 сая иений нөхөн төлбөр төлж, хохирогч эмэгтэйчүүдэд өгүүлсэн ч байдал намжаагүй. Өмнөд Солонгосын ард иргэдийн зүгээс Японы Засгийн газрыг бэлгийн боолчлолд өртөж байсан солонгос эмэгтэйчүүдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан бол Япон Улсын зүгээс Консулын газрын гадаа байрлуулсан хөшөөг холдуулахыг хүссэн юм. Гэвч аль аль тал дээрх шаардлагыг биелүүлээгүй ба Японы зүгээс хөшөөг холдуулсангүй хэмээн өнгөрөгч нэгдүгээр сарын эхэнд Сөүл дэх Элчин сайд болон Бусан дахь Ерөнхий консул нараа татсан юм. Тэгвэл Япон Улс Элчин сайд болон Ерөнхий консулаа Өмнөд Солонгос руу буцаахаар шийдвэрлэжээ. Тиймээс Элчин сайд Ясүмаса Нагаминэ, Бусан хот дахь Ерөнхий консул Ясүхиро Моримото нар өнөөдөр Өмнөд Солонгост буцаж очих аж. Ямартай ч, Элчин сайд, Ерөнхий консул буцах болсонтой холбогдуулан Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида хэлэхдээ “Тавдугаар сарын эхээр Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа тус улс шинэ Засгийн газар байгуулах учир дипломатууд бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэжээ. Мөн цааш нь “Япон улс Хойд Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд Сөүлтэй илүү нягт хамтран ажиллах хэрэгтэй байна” гэв.
Гэхдээ Японы ГХЯ-ны нөлөө бүхий албаны хүмүүс “Консулын газрын өмнө байрлуулсан хөшөөг Өмнөд Солонгосын тал холдуулах төлөвгүй байгаа бөгөөд Элчин сайд буцаж очсоноор хөшөөтэй холбоотой маргааныг нэг тийш болгож чадах эсэх нь эргэлзээтэй байна” гэжээ.
Нинж