Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль дээр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан БСШУСЯ-аас ажлын хэсэг байгуулагдан ажилласан юм. Ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдөр /2017.04.7/ олон нийтэд танилцуулав. Энэ үеэр БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Хүүхдүүдийн тавьсан шаардлагад багш нарын ур чадварын асуудлыг тусгасан байсан шүү дээ. Үүнтэй холбогдуулан ямар дүгнэлт гарсан бэ?
-БСШУСЯ-аас ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг та бүхэнд танилцууллаа. Өчигдөр /04.06/ ажлын хэсгийн дүгнэлт БСШУС-ын сайдад танилцуулагдаж, өнөөдрөөс дүгнэлтэд үндэслэж холбогдох арга хэмжээ авах албан даалгаварын чиглэл боловсруулагдаж байна. Ажлын хэсэг мэргэжлийн дохионы хэлний хэлмэрчидтэй хамтраад тус сургуулийн багш нараас ур чадварын сорил авч, дүгнэлт гаргаад байна. Улмаар тус ургуулийн нийт багш нарын 90 гаруй хувь нь үсгээр дохиж харилцах чадвартай байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь энгийн түвшний дохионы хэлний анхдагч чадвар юм. Харин мэргэжлийн багш нарын хувьд 21 багшаас таван түвшний сорил авсан. Үүнд 44 хувь нь хангалттай гэж үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн багш нарын 50 гаруй хувь нь ур чадвараа сайжруулах ёстой гэсэн дүгнэлт гараад байна. Дүгнэлтийг үндэслээд холбогдох арга хэмжээ авна. Тухайлбал, МУБИС, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтраад нарийвчилсан сорилын ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Үүн дээр үндэслэн хөтөлбөрийн түвшингийн ялгаатай байдлуудыг тогтоож, багш нарын дохионы хэлний ур чадварыг дээшлүүлэх тусгайлсан мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Үүнээс гадна бас нэгэн ноцтой асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой байсан. Энэ нь нотлогдсон уу?
-Багш нарын мэргэжлийн ёсзүйн зөрчилтэй холбоотой асуудлыг сурагчид шаардлагадаа тусгасан байсан. Энэ асуудлаар ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, нийт багш нарыг хамруулсан санал асуулга явуулж, судалгааны ажлыг зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулаад хүүхэд, эцэг, эхчүүдтэй ч уулзсан. Одоогоор бэлгийн дарамт үзүүлсэн, ямар нэгэн байдлаар хүчирхийлэл үйлдэгдсэн нь нотлогдож, тогтоогдоогүй байна. Тус сургуулийн захиргаанаас энэ асуудалтай холбогдуулан хуулийн байгууллагад хандсан байгаа. Тиймээс энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно. Урдчилсан байдлаар ямар нэгэн нотлогдсон зүйл гараагүй гэдгийг албан ёсоор хэлье. Харин багш нарын ёсзүйтэй холбоотой бусад тодорхой асуудлууд тус сургууль дээр байж болзошгүй гэсэн урдчилсан дүгнэлт гарсан. Хамгийн гол зарчим бол хүүхдийн эрхийг хангах юм. Хүүхдийн аюулгүй, эрүүл орчинд суралцах орчныг нь хангах, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, дээдлэх зарчмаар энэ асуудалд бид хандаж байна. Ер нь бид асуудалд бодитой хандах ёстой. Үнэхээр ийм асуудал байгаа эсэхийг нотолсны дараа тодорхой арга хэмжээнүүдийг авна. Ажлын хэсгийн ажилласан хүрээнд бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой асуудал нотлогдоогүй байна. Хууль, цагдаагийн байгууллага үүнийг шалгаж, нотолно. Энэ дашрамд хэвлэл, мэдээллийн байгууллагынханд хандаж нэг зүйлийг хэлмээр байна. Асуудалд бодитой хандах нь чухал. Энэ нь өөрөө 29 дүгээр сургуульд суралцаж буй сурагчид, тэнд ажиллаж буй багш, ажилчдын хувьд эмзэг асуудал юм. Хууль, хяналтын байгууллагаар албан ёсоор нотлогдоогүй тохиолдолд 29 дүгээр сургууль даяараа ийм асуудалтай байдаг мэтээр олон нийтэд мэдээлэх нь эргээд хүүхдээ хайрлах, багшаа хүндэтгэх зарчимд сөргөөр нөлөөлж байгааг анхаарах нь зүйтэй.
-12 дугаар анги төгсөгчдийн сурлагын түвшинг харгалзаж үзсэн үү?
-Сурагчдын амралт тохиосон учраас ажлын хэсэг ажиллах үеэр сурагчдын түвшин тогтоох шалгалт явуулаагүй. Гэхдээ ажлын хэсгийн дүгнэлтэд сургалтын чанартай холбоотой хэд, хэдэн чиглэлүүд гарсан. Үүнд үндэслэж холбогдох арга хэмжээг авч ажиллана.
-29 дүгээр тусгай сургуульд ганцхан сэтгэлзүйч ажилладаг юм билээ. Энэ нь хэр хангалттай үзүүлэлт юм бэ?
-Өнгөрсөн оны хоёрдугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хууль батлагдсан. Үүнтэй холбогдуулан Боловсролын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд орсон байгаа. Үүний нэг нь тусгай чиг үүргийн сургуулиад мэргэжлийн эмч, сувилагч, сэтгэлзүйч ажиллуулах бололцоог бүрдүүлсэн. Энэ дагуу 29 дүгээр тусгай сургуульд сэтгэлзүйч ажиллаж байна. Орон тооны хувьд 320 хүүхдийн дунд нэг сэтгэлзүйч ажиллах гэсэн нормативтай. Энэ хүрээнд ажиллаж байгаа. Гэхдээ тус сургууль дээр үүссэн нөхцөл байдалтай холбоотой ажлууд үргэлжилнэ. Энэ хүрээнд орон тооны асуудлыг судлах, тодорхой ажлууд хийгдэнэ.
-Тухайлбал, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг байдаг тухай мөн ярьж байсан. Бодлогын түвшинд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Тусгай сургуулиудын сурах бичгийг жил бүр хэвлэж байгаа. Одоогоор бага ангийн сурагчдын сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн бүрэн хэвлэгдсэн. Бүрэн, дунд боловсролын шатанд тусгай сургуулиудын сургалтын төлөвлөгөөг шинэчлэх ажил Боловсролын хүрээлэн дээр хийгдэж байна. Тусгай сургуулийн сургалтын төлөвлөгөө сурагчийн хөгжлийн хязгаарлалтай байгаа нөхцөл байдал, тухайн суралцагчийн онцлогт нь тохируулсан уян, хатан байхаар төлөвлөөд ажиллаж байгаа.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль дээр ажилласан ажлын хэсгийн дүгнэлт
Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн зарим сурагчдаас багшийн ур чадвар, харилцаа, ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, сургуулийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг судалж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий томилогдсон ажлын хэсэг (Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/101 дүгээр тушаал) 2017 оны 03 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд тус сургууль дээр ажиллалаа.
Ажлын хэсэг тус яамны Боловсролын бодлогын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сурагчдын гаргасан гомдлыг хянах, мөн сургуулийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг судлах ажлыг гүйцэтгэв. Удирдамжийн дагуу (i) сургуулийн үйл ажиллагаанд хүчин төгөлдөр мөрдөж буй холбогдох баримт бичиг, материалтай танилцах, (ii) багш, суралцагчдын төлөөлөлтэй уулзаж ярилцах, тэднээс асуулга авах замаар мэдээлэл цуглуулж, сурагчдын гаргасан гомдолд дүн шинжилгээ хийх зарчим баримталж ажилласан болно.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/101 дүгээр томилогдсон ажлын хэсэг 29 дүгээр сургуулийн нэр бүхий сурагчдаас гаргасан гомдлын дагуу тус сургууль дээр ажиллаж, үүссэн асуудлын бодит байдлыг тодруулах зорилгоор багш нарын төлөөлөлтэй уулзсан уулзалт, холбогдох баримт бичиг, асуулга судалгааны үр дүнд хийсэн шинжилгээнд үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж байна.
- Сургуулийн хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй төлөвлөгөө, дүрэм, журмыг хууль тогтоомжийн шинэчлэл, багш, сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;
- Тусгай хэрэгцээт боловсролын багшийг гадаад, дотоодод бэлтгэх, одоо ажиллаж байгаа багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
- Тусгай сургуулиудад нэн шаардлагатай дэд бүтэц, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад тохирох зарим хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, гарын авлагаар хангах ажлыг хөрөнгө оруулалтын 2018 оны бодлого, төлөвлөлтөд тусгах арга хэмжээ авах;
- Багш нарын дохионы хэлний ур чадвар сайжруулах, хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжиж, холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай сургалтаар бэлтгэх, үр дүнг тооцож ажиллах;
- Их, дээд сургуульд элсэн суралцах сурагчдын бэлтгэл анги нээх асуудлыг тусгай сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний шинэчлэлийн хүрээнд судалж, шийдвэрлэх;
- Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2; 43.1.7б-д тус тус заасан “туслах багш”-ийн албан тушаалын нэр нь төрийн үйлчилгээний албан албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан Засгийн газрын 2009 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтад “туслах багш”-ийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг тодорхой болгох асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хамтран шийдвэрлүүлэх;
- Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.” гэсэн шаардлагыг баримталж ажиллах хүрээнд “багш”-ийн ажлын байранд нээлттэй, ил тод, өөрийн сургуулийн онцлог, хэрэгцээ, шаардлагыг хангасан иргэдээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, томилгоо хийж байхыг сургуулийн захиралд даалгах;
- Дохионы хэлний ур чадварыг дээшлүүлэх, багш суралцагчийн хоорондын ойлголцол харилцан адилгүй байгаагаас хүүхэд хичээлээ ойлгодоггүйгээс үл ойлголцол үүсэх хандлага байгааг анхаарч, багш нар дохионы хэлний ур чадвараа сайжруулахыг тус сургуулийн нийт багш нарт үүрэг болгох;
- Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон тэдгээрийн авьяас, сурах, төлөвших, хөгжих үйл явцад цогцоор нь анхаарал тавих, аливаа урлаг, спортын арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулалтыг сайтар хангаж, суралцагчийн эрх ашиг, сонирхлыг дээдэлж, хүндэтгэлтэй хандаж байхыг сургуулийн нийт багш, албан хаагч, удирдлагад мэдэгдэх;
- Сургуулийн дотоод зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагаа, багшийг ажлын төлөвлөлт, үнэлгээ, шинжилгээ зэрэг холбогдох явцын болон гүйцэтгэлийн мэдээ, тайланг байнга хөтөлж хэвшихийг сургуулийн нийт багш нарт даалгах;
- Сул сонсголтой хүүхдүүдэд сонсголын үлдэгдэл, алдагдлыг нөхөх хэрэгслээр хангах ажлыг эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран авч хэрэгжүүлэх нь зүйтэй.