Өмнөд Солонгос Улсын Кангванду аймгийн Цагдаагийн газраас тус аймагт оршин суух Монгол Улсын иргэн 29-н настай, эрэгтэй Б-г саатуулжээ.
Тэрээр өнгөрсөн 2-р сард өөрийн найз бүсгүй болох нутаг нэгт 29-н настай эмэгтэй А-г өөр эрэгтэйтэй хардаж, улмаар түүний хоолойг нь боон нүүр, хүзүү, цээж рүү нь хүчтэй цохиж зодсон аж.
Монгол залуу Б нь үүгээр зогсохгүй сүүлийн хоёр сарын турш гудамжин дахь нийтийн хэрэглээний утаснаас найз бүсгүй болон түүний Монголд байгаа гэр бүлийнхэн рүү байнга утасдан айлган сүрдүүлж, дарамталж байсан байна.
А энэ тухай цагдаагийн газарт мэдэгдэж түүний амь насыг Б-ээс хамгаалж өгөхийг хүссэн ба Б энэ тухай мэдсэн даруй найз бүсгүйгээ утсаар айлган сүрдүүлж, ална гэж заналхийлэх нь ихэсчээ.
Кагванду аймгийн цагдаагийн газраас Монгол залууг өнгөрөгч долоо хоногт нэгэн гудамжин дахь нийтийн хэрэглээний утаснаас утсаар ярьж байхад нь саатуулсан байна.
Б нь тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан бөгөөд согтууруулах ундаа уусан үедээ өөрөө ч мэдэлгүйгээр утсаар ярьж найз бүсгүйгээ заналхийлдэг байсан буруугаа хүлээжээ.
Кангванду аймгийн цагдаагийн газраас Б-д эрүүгийн хэрэг үүсгэж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.