Төв аймгийн нутаг дэвсгэрт харьяалах Тавантолгойд хээрийн сургуулилт хийж байсан хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан осол өчигдөр гарсан. Энэ ослын талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас өнөөдөр мэдээлэл хийв.
ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар “2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний 17:40 минутын орчимд байлдааны сургуулилалт хийж байх явцад байлдааны гранат тэсэрч хоёр цэрэг амь эрсдэж, найман цэрэг шархадсан осол гарсан. Амиа алдсан 350 дугаар ангийн ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Зэвсэгт хүчний хэмжээнд хавар, намрын улиралд хээрийн сургуулилт шалгалт явуулдаг. Төлөвлөгөөний дагуу цэргийн ангиуд бэлтгэл сургуулилт хийдэг. Ослын шалтгааныг хууль хяналтынхан тодруулж, дүгнэлт гарсны дараа хэрвээ буруутай бол хариуцлагаа хүлээнэ. Одоогоор шалтгааныг тодруулахаар БХЯ, ЗХЖШ-аас хоёр ажлын хэсэг томилогдсон. Шархадсан найман цэргийг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлсэн” гэх мэдээлэл өглөө.
Гранат тэсрэх үеэр амиа алдсан ахмад Б.Мөнгөншагай нь Цэргийн их сургууль төгссөн, Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагатай, шилдэг залуу офицер байжээ. Ахлагч Б.Ариунболд нь мөн Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна. Туршлагатай офицерууд мэргэжлийн алдаа гаргах тохиолдол байдаг.
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэнд хуулийн дагуу 10 жилийн цалинтай тэнцэх тэтгэмж олгохоос гадна тэжээгчээ алдсаны тэтгэмж өгнө.
Талийгаач ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нар гэргий хүүхдийн хамт амьдардаг. Шархадсан цэргийн ар гэрийнхнийг ч орон нутгаас ирэх зардал унааг дааж, эмнэлэгт сахих боломжоор хангаж байна” гэлээ.
Цэргийн төв эмнэлгийн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар “Осол гарсан газар дээр шуурхай анхан шатны тусламж үзүүлсэн. Амь үрэгдсэн хоёр хүний амийг аврах боломжгүй болсон байсан. Харин шархадсан найман цэргийг шуурхай авч ирж яаралтай эмчилгээнд оруулсан. Хоёр цэрэгт хагалгаа хийж, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Биеийн байдал хэвийн болж байгаа. Бусад цэргийн ар гэрийнхэнд сахих, харах боломж олгосон” гэлээ.
Ослын шалтгааныг хуулийн байгууллагаас шалгаж байна. Холбогдох мэдээллийг цаг тухай нь хүргэнэ гэж ЗХЖШ-аас мэдээллээ.