Өмнөд Солонгос Улсын Кёнги дүүргийн цагдаагийн газраас тус дүүрэгт амьдардаг гурван хүүхдийн ээж, 35-н настай Монгол эмэгтэй А-г шалгаж эхэлжээ.
Тэрээр есөн сарын өмнө тус дүүрэгт нүүж иржээ.
Түүний 12, 13-н настай хоёр хүүгийн сурдаг сургуулийн багш, удирдлагууд нь тэдгээр хүүхдүүд хичээлээ олон удаа тасалж, хиртэй бохир хувцас өмсч, гэдэс өлсгөлөн байхыг анзаарсан аж.
Сургуулийн удирдлага энэ тухай дүүргийн цагдаагийн газарт хандаж “Манай сургуулийн сурагчид гэр бүлийн хүчирхийлэл өртсөн эсвэл эцэг, эхийн асран хамгааллыг авч чадахгүй байх магадлалтай байгааг шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна.
Ингээд өнгөрсөн удаа Монгол эмэгтэйн гэрт цагдаагийн ажилтнууд, сургуулийн багш болон дүүргийн нийгмийн халамжийн албаны ажилтнууд очиж, бодит байдалтай газар дээр нь танилцсан байна.
Шалгалтын явцад Монгол эмэгтэй А нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг бөгөөд 12, 13-н настай хоёр хүү болон 4-н настай охиноо орхин хэдэн өдөр гэртээ очилгүй архидан согтуурдаг байсныг илрүүлжээ.
Тэрээр эхийн халамж үзүүлээгүй удсанаас гурван хүүхэд нь хог новш, жоом зэргээр дүүрсэн эмх замбараагүй хогон дунд амьдарч байсан бөгөөд ээж нь гэртээ ирээгүй үед хичээлдээ явцгаадаггүй байсан байна.
Кёнги дүүргийн цагдаагийн газраас Монгол эмэгтэйг үр хүүхдээ aсарч хамгаалах үүргээ биелүүлээгүй хэргээр шалгаж эхэлсэн бол дүүргийн нийгмийн халамжийн албаны ажилтнууд түүний гэр бүлд нийгмийн халамж үзүүлэх, эдийн засгийн хувьд тусалж дэмжих, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх тусгай хөтөлбөрт хамруулах зэрэг ажлуудыг хийхээр болжээ.
Эх сурвалж: Mglradio.com