Москвад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрөгч 12-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Ерөнхийлөгч Владимир Путин нартай уулзав.
Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хуралд Рекс Тиллерсон хэлэхдээ, “өдгөө АНУ, ОХУ-ын харилцаа, итгэлцлийн түвшин дор байна. Тиймээс хоёр талын харилцаа муудахаас сэргийлж, итгэлцлээ сэргээх арга хэмжээ авах ёстой. Цэрэг болон гадаад харилцааны салбарт дээд түвшний зөвшилцөл шаардлагатай гэж хоёр тал үзсэн бөгөөд хоёр орны гадаад харилцааны салбарын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахыг зөвшөөрч, сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаанд оршиж буй асуудлыг зохицуулж, хоёр орны харилцааг тогтвортой байлгахын төлөө хичээн ажиллахаар шийдсэн” гэжээ.
Хэвлэлийн бага хуралд Сергей Лавров хэлэхдээ, “ОХУ Тиллерсонтой хийсэн хэлэлцээ иж бүрэн, илэн далангүй бөгөөд ОХУ, АНУ-ын харилцаанд холбогдсон бүхий л гол асуудлыг авч хэлэлцлээ. Үүнээс олон улсын терроризмтэй хатуу чанга тэмцэх явдал нь хэлэлцээний гол зүйл байж, хоёр тал АНУ Сирид өгсөн цохилт болон Сирийн химийн зэвсгийн хэргээр санал бодлоо солилцсон” гэжээ. Тэрээр хэлэхдээ, “Терроризмын эсрэг АНУ-ын удирдсан холбоотны цэрэг Сири дэх цэргийн үйл ажиллагаа террорист бүлэгт цохилт өгөхийн төлөө байсан гэж тодорхойлсон нөхцөлд одоогоор тасалдаад байгаа ОХУ болон АНУ-ын Сири дэх цэргийн үйл ажиллагаагаа харилцан мэдэгдэх механизмыг сэргээхэд ОХУ бэлэн байна” гэжээ.