Өнгөрсөн мягмар гарагт өндөр түвшний улс төрчтэй холбоотой хэргийг шалгаж байсан Авлигатай тэмцэх хорооны нэгэн мөрдөн байцаагч халдлагад өртсөн талаар тус улсын Цагдаагийн газар мэдээллээ.
Хохирогч Новэл Басвидан-г сүмээс гарч явж байхад нь хоёр хүн гэнэт гарч ирээд түүний нүүр рүү химийн хорт бодис цацсан байна.
2011, 2012 онд цахим иргэний үнэмлэхний тогтолцоог Индонезид нэвтрүүлэхээр зориулагдсан төсвийн ихэнх хувийг буюу 440 сая ам.долларыг 80 гаруй хүн болон хэд хэдэн компани хамтарч авсан хэргийг Индонез Улсын Авлигатай тэмцэх хороо шалгаж байсан аж.
Уг хэрэгт Ерөнхийлөгч Жоко Видодо-гийн бүлгийнхэн, тухайлбал, Хууль зүйн сайд, Дотоод хэргийн сайд, Парламентын дарга, орон нутгийн мужийн хоёр захирагч нарын нэр бүхий хүмүүс холбогдсон бөгөөд дээрх химийн халдлага нь үүнтэй холбоотой байж магадгүй гэнэ.
Ерөнхийлөгч Жоко уг асуудлыг “харгис үйлдэл” гэж хэлээд холбогдох хэрэгтнүүдийг олохыг тушаасан байна.