
Уржигдар буюу энэ сарын 17-нд УИХ дахь намуудын бүлэг хуралдсан. МАН-ын бүлэг ирэх өдрүүдэд батлах зарим хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан ч концессын гэрээний талаар ярьсаар байгаад хурлаа хааж ч чадалгүй тарцгаасан. Учир нь УИХ дахь МАН-ын гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын зарим гишүүдийг концессын гэрээ нэрээр их хэмжээний мөнгө төгрөг идэж уух гэж байна хэмээн маргалдсаны улмаас хурлаа орхиж гарцгаасан юм.
Тодруулбал, Засгийн газраас төсвийн тодотголын үеэр концессын таван гэрээ оруулж иржээ. ОУВС-тай гэрээ хэлцэл яригдаж байгаа энэ үед сураг нь дуулдаагүй таван гэрээ гэнэт гарч ирсэн нь гишүүдийг бухимдуулж, сайд нарыг концессын гэрээ хувааж идэх гэж байна хэмээн мэдэгдсэнээс болж эрх баригчдын хурал тэр чигтээ хэрүүл маргаан болсон юм. Засгийн газрын зүгээс дээрх гэрээнүүдийг нуусан нь гишүүдийг ингэж мэдэгдэхэд хүргэсэн бөгөөд концессын гэрээнүүдийн тухай Олон улсын валютын сан /ОУВС/ мэдвэл хөтөлбөрөө эргэж харах нь зайлшгүй хэмээн гишүүд үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд орж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарцгүй болсон. Дээрээс нь өмнөх Засгийн газрын үед АН-ынхан концессын гэрээ нэрээр их хэмжээний мөнгө төгрөг идэж ууж улсыг хямралд оруулсан гашуун түүхийг давтах гэлээ хэмээн МАН-ын гишүүд Засгийн газрын гишүүдээ буруушаасан юм.
Эдийн засгийн энэ хүнд үед Монгол Улс бүсээ чангалахаас өөр аргагүй болсон, ОУВС ч мөн Монголын төрийг бүсээ чангалж, хэмнэлт хийхийг үүрэг болгож байгаа.
Тэгтэл Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар таван нууц концессын гэрээ оруулж ирэн үрэлгэн загнаж байгааг УИХ дахь бусад гишүүд нь шүүмжилсэн нь энэ юм.
Түүнчлэн тэрхүү концессын гэрээнүүд дотор өмнөх Засгийн газрын үед 30 гаруй сая ам.долларын концессын гэрээ авч байсан компани дахиад концесс авахаар орж ирсэн нь гишүүдийн олонхийн дургүйцлийг хүргэсэн байна. Мөн концессын гэрээ, жагсаалтын мэдээлэл УИХ-ын чуулганы хуралдаан болох гэж байхад гишүүдийн гарт очоогүй байсан нь олон гишүүнийг ийнхүү бухимдахад хүргэв.
Ялангуяа дээр дурдсанчлан 30 сая ам.долларын концессын гэрээ авсан ч түүнийгээ бүрэн гүйцэт хийж дуусгаагүй “МАК” компани дахин концесс авахаар орж ирсэнд гишүүд бухимдаж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг “МАК”-ийн талд үйлчиллээ, ашиг сонирхлын зөрчилтэй гэх зэргээр шүүмжлэхэд хүргэсэн юм. Ерөөсөө ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй бол Монгол Улс дампуурлаа зарлах нь тодорхой болчихоод байгаа. Харин энэ цаг үед ОУВС-гийн хөтөлбөрийн эсрэг үйл ажиллагааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат явуулахаар зэхэж байгаа нь улсаа өөрийн гараар дампууруулснаас өөрцгүй зүйл юм. Засгийн газрын зүгээс төсвийн тодотголтой хамт таван концессын гэрээ оруулж ирсэн нь гишүүдийг хардлагыг төрүүлж, улмаар шалгахад Ерөнхий сайд болон МАК-ийн хооронд ямар нэгэн тохиролцоо байгаа нь харагдсан байна. Энэ асуудалтай холбогдуулан зарим гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах талаар ярьцгаасан байна. Уг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “МАК”-д өргүй байлтай. Гэтэл яагаад их хэмжээний мөнгө идэж уудаг концессын гэрээнүүдийг төсвийн тодотголтйо хамт оруулж ирэв. Бас яагаад концесиийн гэрээнүүдийг гишүүдээс нуув гэдэг нь өөрөө их асуудал болж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүү Д.Тэрбишдагва “Энэ Концессын гэрээ ил болбол ОУВС-гийн хөтөлбөр зогсч магадгүй нөхцөл байдал үүслээ. Засгийн газар үүнийг нуучихсан байна. Хэрвээ үүнээс болоод ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихээ больчихвол хариуцлагыг хэн хүлээх юм бэ” гэж мэдэгдсэн. Мөн Х.Болорчулуун гишүүн “Энэ бол улайм цайм луйвар. Эрдэнэбат та Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК компанийн Ерөнхий сайд юм уу. Тун ойлгомжгүй байна” гэсэн юм. Энэ мэтчилэнгээр хэрүүл өдөржин өрнөсний дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн санаачлагаар концессын гэрээнүүдийг шалгах МАН-ын бүлгийн ажлын хэсгийг байгуулахаар болсон юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Сарангэрэл нар орж ажиллахаар болжээ. Тэгвэл ажлын хэсэг таван гишүүнтэй байх бөгөөд нэмж хоёр гишүүн оруулахаар болжээ.
Харин УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрдэнэбат аа, чи аятайхан байгаарай. МАК компанид яахаараа концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани концессын гэрээ авсан. Түүнийгээ хийж дуусгаагүй байхад нь яахаараа өгдөг юм. Бас “Цагаан суварга” ингэж л боссон. Яачихсан компани гэхээрээ ийм байдаг юм бэ. Эрдэнэбат аа, би та нартай холбоотой олон юмыг мэднэ шүү. Ерөөсөө энэ концессыг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” гэв. Хариуд нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “…Үгээ бодож яриарай. “Цагаан суварга” руу эрчим хүч татахгүй яах юм бэ. Засгийн газрын ажлыг хийлгэ л дээ” гэснээр энэ хоёр эрхмийн дунд хэрүүл өрнөж, сүүлдээ зодолдохоос бусдыг гүйцээсэн байна. Ингэж тэд бие биеэ рүүгээ хатуу үгсийг харамгүй шидэлцжээ. Эцэст нь, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үгэнд ундууцсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэбат аа, …. минь чи бол Ерөнхий сайд биш аймгийн л дарга бацаан за юу. Цаашид чи энэ намыг удирдаж авч явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Энэ маягаараа ашиг сонирхлын зөрчил чинь гай болно” гэсэн юм.
Нинж

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл