ТОКИО./NHK/. 2011 оны газар хөдлөлт болон цунамийн гамшигт нэрвэгдсэн бүсүүдийг сэргээн босгох ажлыг хариуцаж буй Японы сайд уг гамшигтай холбогдуулан хэлсэн үгнийхээ төлөө огцрохоос аргагүйд хүрчээ.
Сэргээн босголтын сайд Масахиро Имамүра мягмар гарагт Либерал Ардчилсан намын бүлгийн хурлын үеэр “нийслэл Токио хотыг бус харин зүүн хойд нутгийн Тохокүгийн бүсийг гамшиг нэрвэсэн нь азтай хэрэг” гэж хэлсэн байна.
Түүний хэлснээр, 2011 оны газар хөдлөлт болон цунамийн гамшгийн улмаас дэд бүтцэд 226 тэрбум долларын хохирол учирчээ. Тэрбээр хэлэхдээ “Тохокү бус Токио гамшигт өртсөн бол үүнээс ч их хэмжээний хохирол учрах байсан” гэжээ.
Имамүра дараа нь хэлсэн үгээ буцааж “би зохих ёсны дагуу уучлалт гуйх болно” гэж хэлсэн аж.
Мягмар гарагийн уулзалтад оролцсон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ сайд Имамүрагийн өмнөөс уулчлалт гуйсан байна.
Гэвч түүнийг сөрөг хүчнийхэн хатуу шүүмжилж, огцрохыг шаарджээ.
2011 онд Японы зүүн хойд нутагт 9 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэний улмаас 18 мянга гаруй хүн амиа алдаж, сураггүй болсон юм.
Гамшгийн улмаас “Фүкүшима Дайичи” АЦС-ын гурван реактор хайлсан билээ. Энэ нь Чернобылийн АЦС-ын дэлбэрэлтээс хойших хамгийн том цөмийн гамшиг юм.
Гамшгийн дараа “Фүкүшима Дайичи” АЦС-аас 20 км радиус доторх 200 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдний ихэнх нь гэртээ буцаж очих бодолгүй байгаа аж.
Г.Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг