Хэдхэн хоногийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь такси үйлчилгээний салбарын өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчдийг стандартад нийцсэн таксийн үйлчилгээгээр хангуулах талаар Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдлагуудтай удаа дараа уулзалт зохион байгуулж ярилцсаны үндсэн дээр тус газрын дарга О.Магнай такси үйлчилгээнд 1км замыг 1000 төгрөгөөр явуулах болсон тухай олон нийтэд мэдэгдсэн билээ. Түүний энэ мэдэгдлийн дараагаас эхлэн зөвшөөрөлтэй такси компаниуд 1 км-ын хөлсийг 1000 төгрөгөөр тооцож үйлчлүүлэгчээсээ авч эхлэсэн бол үүнийг дагалдуулан хувийн машинтай “халтуурчид” 1 кмын үнээ 900 төгрөгөөр тооцоод эхлэсэн. Улс орны эдийн засаг хямралтай, ард иргэдийн гар дээрээ авдаг цалин хөлс ньь хаана ч хүрэлцэхгүй байхад О.Магнай даргын гаргасан дээрх шийдвэр “дайран дээр давс” гэдэгчлэн олон нийтийн дургуйцэл бухимдлыг төрүүлсэн. О.Магнай даргыг таксигаар үйлчлүүлж үзээгүй, өөрөө өндөр үнэтэй хувийн тансаг машинтай байж ядуу иргэдээ доромжиллоо гэсэн яриа ч гадуур тархаад амжсан.
Тэгвэл энэ бүхний дараа буюу өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйсан байна. Тэрээр “Миний хийсэн уг мэдэгдэл нь цаг үеэ олоогүй буруу шийдвэр байжээ. Миний буруу” гэжээ. Харамсалтай нь Л.Магнай даргыг уучлалт гуйлаа гээд асуудал эргээд хэвэндээ орохооргүй болжээ. Таксины үнийн “Галт тэрэг нэгэнт хөдөлсөн” тулд О.Магнай даргын уучлалт “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэдэг үлгэр шиг ард түмэнд тусгүй хэрэг байлаа.
Манай улс төрчид үг хэлэхээсээ өмнө үгээ сайн хянаж баймаар юм. Тэгээгүйгээс болоод ард түмний амьдралд сөрөг үр дагавар үүсэх нөхцөл бүрдээд байна.
О.Магнайд хандаж “Үг хэлэхээс өмнө та үгийнхээ эзэн, үгээ хэлснийхээ дараа үг таны эзэн” гэдэг үгийг хэлье дээ. Хэлэхээсээ өмнө сайн бодож байгаад хэлэх, нэгэнт хэлсэн бол хэлсэн үгнийхээ эзэн байж сурах хэрэгтэй. Нэг үг хэлээд хэдхэн хоноод хийлсэн гүзээний хий гарах шиг шалчийгаад уучлаарай гэх нь яавч туйлбартай улс төрч хүний байр суурь биш байлтай.
Ц.Мөнх