180 сая төгрөгөөр та юу хийх вэ

180 сая төгрөгөөр та юу хийх вэ

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард томилогдон очсоныхоо сарын дараа 180 сая төгрөгийн тавилга худалдан авсан билээ. Худалдан авах тавилгын жагсаалтад унтлагын өрөөний иж бүрдэл тус бүр гурав багтсанаас хоёр нь 9.999.000 төгрөгийн үнэтэй, нэг нь 25,499.000 төгрөгийн үнэтэй байх аж. Тэрчлэн гал тогооны иж бүрдэл 21.999.000 төгрөг, зочны өрөөний иж бүрдэл 19.999.000 төгрөг, дивааны иж бүрдэл 21.499.000 төгрөг гэж тус бүр тодорхой заасны зэрэгцээ, цаашлаад матрац, цахилгаан зуух, керамик плитка, агаар шүүгч, ширээ, коммод, шкаф зэргийн үнийг жагсаасаар бараг 200 сая төгрөг дөхсөн нь тэр.

Зөвхөн нэг даргын ширээ, сандал тавилгыг шинэчлэхэд 180 сая төгрөг зарцуулж байгаа бол 180 сая төгрөгөөр юу хийж болох талаар иргэдийн байр суурийг сонирхсон юм.

МУИС-ийн оюутан Г.Энх-Учрал: ГАДААДАД СУРГУУЛЬД СУРАЛЦАНА

-Өндөр хөгжилтэй гадаадын их дээд сургуульд дөрвөн жил ба түүнээс дээш хугацаагаар суралцахад зориулна. Боловсролдоо хөрөнгө оруулалт хийнэ. Боловсролдоо хөрөнгө оруулалт оруулснаар өндөр цалинтай ажил хийх, ирээдүйд амьдралын баталгаатай болно.

Оюутан Г.Сэлэнгэтогтох: ОЮУТАН БИДНИЙ ХУВЬД 180 САЯ ТӨГРӨГ МАШ ИХ МӨНГӨ

-Эх орондоо дээд сургуулиа төгсчихөөд дараа нь магистр, докторын зэргээ гадаадад хамгаална. 180 сая төгрөг гэдэг их мөнгө. Хэрвээ тийм их мөнгөтэй болчихвол юуны өмнө буяны байгууллагад тодорхой хэмжээгээр хандивлана. Дараа нь орон сууц худалдан авч өөрийн гэсэн байртай болно. Бас автомашинтай болно. Сургуульдаа сайн суралцаж төгсвөл сайн ажиллаж, сайн цалин авах бололцоотой юм. Ер нь хүн болгонд 180 сая төгрөг байхгүй шүү дээ. Оюутан бидний хувьд 180 сая төгрөг гэдэг маш их мөнгө.

Иргэн Б.Батбаяр: БҮХЭЛ БҮТЭН ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛАА ХАНГАЧИХ ХЭМЖЭЭНИЙ ИХ МӨНГӨ

-180 сая төгрөг байх юм бол би хотод орон сууц худалдаж авахгүй. Улаанбаатар хотоос гарч хөдөө газар хаус байшингаа өөрийн гараар барина. 20-30 сая төгрөгт маш сайхан байшин барьчихаж болно. Саалийн хоёр үнээтэй, төмс ногоо тарьдаг. Тэвштэй портер автомашин худалдана авна. Хааяа нэг хот руу орж ирэхдээ зориулж суудлын автомашинтай болно. Энэ бүгд нийлээд 60, 70 сая төгрөг болно доо. Үлдсэн 120 сая орчим төгрөгийг банкинд хадгалуулна. Сардаа хүүнээс 1-2 сая төгрөг авч ойр зуурын хэрэглээндээ зарцуулна. Банкинд хадгалуулсан хүүг “идэж” амьдрахад амьдралд хангалттай хүрэлцэнэ. Бүхэл бүтэн гэр бүлийн амьдралаа хангачих хэмжээний их мөнгө. Эрх мэдэлтэй баян улсуудад энэ мөнгө юу ч биш байж болох ч жирийн иргэд бидний хувьд амьдралынхаа бүх асуудлыг шийдчих мөнгө.

Иргэн И.Энхтайван: МАШ ОЛОН ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДНА

-Ядуу хүмүүст тусламжийн гараа сунгаж туслах байгууллагатай болно. Яагаад гэвэл ядарсан хүмүүст хонох газар ч алга, идэх хоол алга байна. Гудамжинд шил түүж буй ажилгүй ядаж нэг ч гэсэн хүний амьдралыг өөд нь татаж чадвал сайхан шүү дээ. Нэг хүний амьдрал дээшээ өөдөө сайхан болвол Монголын ард түмэн сайхан байгаа гэсэн үг. Монгол Улсын хөгжил сэргэнэ гэж би боддог. 180 сая төгрөгөөр зөвхөн нэг хүн биш нэлээд хэдэн хүний амьдралыг хангалттай сайхан болгож, ажилд оруулж тусалж чадна. Маш олон хүний амьдралыг өөрчилж дээш нь татаж чадна. Монголын ард түмэн ядуурч байхад цөөхөн хэдхэн хүн хэмжээгүй ихээр баяжиж, ядуу хоосны ялгаа маш их гарах болж дээ.

Өндөр настан Б.Дарьсүрэн: ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВААД, ТҮЦ ДЭЛГҮҮР АЖИЛЛУУЛНА

-180 сая төгрөг бидний гартаа барьж үзээгүй их мөнгө байна. Хэрвээ би 180 сая төгрөгтэй болчихвол үр хүүхэддээ зарцуулна. Юуны өмнө орон сууц худалдан авна. Үлдсэн мөнгөөр нь гэр хороололд байдаг хашаандаа ТҮЦ, хүнсний дэлгүүр ажиллуулна. Миний хувьд тэтгэвэрт гарсан учраас ТҮЦ ажиллуулж өдрийн боломжийн хэмжээний орлого олчихдог болчиход миний ард байгаа үр хүүхдүүддээ томоос том тус нэмэр болох юм даа. Ер нь 180 сая төгрөг бол олон гэр бүлийн олон хүний амьдралыг шийдэж, өр зээлгүй боломжийн хэмжээнд амьдрахад болох юм даа.

Иргэн Д.Ган-Очир: БИЗНЕСТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

-Хувийн бизнестээ хөрөнгө оруулалт хийнэ. “Шөлөндөө” хоолны газар маш их орлоготой харагддаг. Тэрэн шиг хоолны газар түрээсээр ажиллуулна. Мөн мэргэжлийнхээ дагуу компьютер программ хангамжийн хувийн аж ахуйн нэгж нээж ажиллуулна. Олон хүнийг ажилд авч ажиллуулна. 180 сая төгрөг бол гарааны бизнесээ хийхэд хангалттай хүрэлцэх хэмжээний мөнгө юм.

Иргэн Оюунбилэг: 20 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛЭЭ ТӨЛНӨ

-Манайх залуу гэр бүл. Хоёр хүүхэдтэй. Нөхөр маань хувийн байгууллагад ажил эрхэлдэг. Би өөрөө төсвийн байгууллагад ажилладаг. Би 180 сая төгрөгтэй болчихвол 20 жилийн хугацаагаар авсан орон сууцныхаа зээлээ юуны өмнө төлнө. 60 сая орчим төгрөг төлчихөөд үлдсэн мөнгөөр нь дахиад орон сууц худалдаж аваад түрээслэх ч боломжтой юм байна. Ер нь залуу гэр бүл сар бүр цалингаасаа зээл төлнө гэдэг бас л “чанга”. Миний хувьд орон сууцны зээлээ богино хугацаанд төлөх юмсан гэсэн хүсэлтэй явдаг. Залуучуудын маань дийлэнх нь орон сууцны зээлтэй байгаа нь харагддаг. За тэгээд орон сууцны зээлээ төлчихвөл сар бүрийн цалингаасаа хуримтлал үүсгэж хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулах зэргээр боломж бүр нээгдэх юм байна.

Д.САРАН
Эх сурвалж: “Өдрийн сонин”

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …