МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, СЕХ-нд ханджээ

 

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд “Үндэсний мэдээллийн төв”-д шуурхай хэвлэлийн хурал зарлаж, хоёр асуудлаар мэдэгдэл хийлээ. Хуралд МАХН-ын дэд дарга Ц.Шаравдорж, Гүйцэтгэх товчооны гишүүн, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян, Гүйцэтгэх товчооны гишүүн, БСШУС-ын дэд сайд асан Б.Тулга, Монголын нам бусчуудын холбооны тэргүүн А.Эрдэнэбаяр, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Өргүй Монгол хөдөлгөөний тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү нар оролцов.

МАХН-ын дэд дарга Ц.Шаравдорж “Бид хоёр асуудлаар мэдээлэл хийхээр ирлээ. Нэгдүгээрт, манай нам  өнөөдөр Бага чуулганаа хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж баталсан талаар мэдээлнэ. Хоёрдугаарт, өчигдөр /уржигдар/ бид МҮЭСТО-нд Бүх ард түмний их хуралдайг зохион байгууллаа. Хуралдайн талаар мэдээллийг бас олон нийтэд өгнө” гэв.

Улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. МАХН энэ сонгуульд оролцох уу, оролцох бол хэнийг нэр дэвшүүлэх вэ  гэдэг  олон нийтийн хүлээлт үүсээд байгаа. Тэгвэл МАХН энэ удаагийн Төрийн тэргүүний сонгуульд оролцоно. Тус намын Бага чуулганы XVI  хуралдаанаас  намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэрийг 100 хувийн саналаар баталжээ. Мөн энэ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас боловсруулж, ард түмэн сонгогчдод танилцуулах мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж баталсан байна. Нэгээт нэр дэвшигчээ тодруулсан тул эдгээр баримт бичгийг  СЕХ-нд хуулийн хугацаанд өргөн барьж, шийдвэр гаргуулахаар ажиллаж байгааг тус намын дэд дарга хэлэв.

Тус нам 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахдаа хариуцлагатай хандсан, тодорхой шалгуур тавьсан гэдгийг МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал энэ үеэр онцлов. Тэрээр манай нам нэр дэвшигчээ тодруулахдаа  Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшичид тавигдах шалгуурыг хангасан эсэх буюу тухайн хүний мэдлэг боловсрол, нэр хүнд, төлөвшлийг харсан. Мөн   улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал, өнөөдөр хурцаар тавигдаж буй эдийн засгийн болоод төрийн хямралаас гаргах гарц, өөрийнх нь гаргаж тавьж буй төсөл, саналыг харлаа. Түүнчлэн шинэ тутам үүсээд буй геополитик, гео эдийн засаг, гео стратегийн ээдрээтэй үед улс орноо хэрхэн нэр хүндтэй авч явж, дэлхийн тавцанд нөлөө бүхий улс орон болгох вэ гэдэг талаас үнэлэлт, дүгнэлтээ өгч нэр дэвшигчээ тодруулсан. Нэр дэвшигчээ тодруулахдаа  манай нам 2-3 байр суурийг баримталсан. Энэ удаа хэн хүсэлтэй нь Ерөнхийлөгчид нэр дэвших биш, мөн бусад нам шиг ардчилал нэртэй дүр эсгэж, хэдэн хүний нэр оруулан дундаасаа гаргах бус, хувь хүн гэхээс илүү улс орны, үндэсний эрх ашгийг харж нэр дэвшүүлсэн. Энэ хүн бол зөвхөн нэр дэвших бус улс орныг хүнд байдлаас гаргах түүхэн үүрэг хүлээх ёстой гэдэг шаардлагыг тавьж нэр дэвшүүлсэн. Энэ шаардлагад МАХН-ын дарга Н.Энхбаяр бүрэн нийцсэн. Түүний гадаад нэр хүнд, мэдлэг боловсрол энэ шаардлагыг хангаж байна. Нөгөө талаас “Их өр”-ийг тэглэсэн түүний туршлага  өнөөгийн эдийн засгийн байдал, гадаад өрийг хөнгөрүүлэхэд ихээхэн ач тустай гэж бид үзсэн. Мөн түүнчлэн төрийн хямралаас гарахад түүний манлайлан боловсруулсан Үндсэн хуулийн шинэ төсөл бэлэн санал, бэлэн гарц юм. Цаашилбал, гео эдийн засаг, геополитик, гео стратегийн цоо шинэ нөхцөл байдалд улс орныг хохирол багатай авч явж чадах бүрэн чадвартай учраас зөвхөн өөрийнх нь хүсэл сонирхол биш намын даалгавар, эх орны, ард түмний даалгавар гэж үзэж түүнийг 100 хувийн саналаар, хуулийн хүрээнд  нэр дэвшүүлсэн ” гэв.

Бүх ард түмний их хуралдайн мэдээллийг УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар энэ үеэр өглөө. Тэрээр “МАХН-ын санаачилгаар зохион байгуулсан Бүх ард түмний их хуралдайд Монгол Улсын өнцөг булан бүрээс, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 1300 төлөөлөгч ирж оролцлоо. УИХ, Засгийн газар бөөн мөнгө гаргаж, үүнээс ч цөөн хүнтэй Зөвлөлдөх санал асуулга гэгчийг хийсэн. Энэ 1300 хүний Бүх ард түмний хурайлдайгаар хэлэлцсэн гол зүйлүүд бол МАНАН юу гэж амлаж байлаа, амлалтаа яагаад мартав. Ард түмний амьдрал маш хүнд байгаа. Монгол орон Рио Тинто-гийн улс болчихоод байна. Монгол Улсыг Рио Тинто улс болгохгүйн төлөө, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд юцу хийх ёстой вэ гэдэг асуудлаар бид хуралдлаа. Дээр нь нэмээд хэлэхэд, УИХ Валютын сангийн хурал болжээ. Энэ байдлыг таслан зогсоохын тулд бид хуралдаж шийдвэрээ гаргасан. Энэ бүхнээс гарах ганц ага нь МАНАН-гийн эсрэг бүх иргэний нийгмийн байгууллагууд, Монголоо гэж бодсон хүмүүс нэгдэх ёстой. Энэ утгаараа МАХН-ын санаачилж байгаа олон үйл ажиллагааг дэмжиж иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж бид оролцсон. Хов, хонзонгоор дүүрсэн улс төрийн энэ хэцүү цаг үед МАНАН-гийнхныг  урсгалаар нь баяжуулахгүйгээр жирийн ард иргэдийн дуу хоолойг төрд гаргахын тулд, шударга сонгууль явуулахын тулд бид хүчээ нэгтгэж ажиллана. Ерөнхийлөгчийн сонгуулиар МАНАН-гийн биш жирийн ард иргэдийн төлөөлөгч гарч ирэх ёстой. Энэ үүднээс бид МАХН-ын төлөөллийг дэмжиж, уриалж ажиллана” гэж байр сууриа илэрхийлэв. Өргүй Монгол хөдөлгөөний тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Нам бусчуудын холбооны тэргүүн А.Эрдэнэбаяр нар ч УИХ-ын гишүүн асан С.Ганбаатартай санал нэг байгаагаа тэмдэглэж, тус тусын байр суурийг илэрхийлсэн юм.

Бүх ард түмний их хуралдай гурван баримт бичиг гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга бөгөөд Ардын намын дарга М.Энхболд,Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, түүнчлэн СЕХ-нд шаардлага гардуулсан байна.  Монгол Улсын  өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөл зөвхөн МАХН төдийгүй, бусад намын гишүүд, нам бусчууд оролцсон хуралдайгаас шаардлагыг гаргасан гэв. Шаардлагад Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг  зөрчиж байгаа, нэр дэвшигчийг хууль бусаар сонгуульд оролцуулахгүй байх, луйврын арга хэмжээг  улс төрчдийн гар хөл болсон шүүх, хуулийн байгууллагаар удаа дараалан хийлгэж, ингэснээрээ улс төрийн өрсөлдөгч хүчнээ сонгуульд оролцуулахгүй байлгах, ялангуяа Монголын ард түмний итгэл, хүлээлтийг хүлээж байгаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Намбарын Энхбаярыг 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн, 2016 оны УИХ-ын сонгуульд хууль бусаар оруулаагүй бусармаг үйлдлээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин хэрэглэхийг оролдож  байгааг няцааж, эсэргүүцлээ илэрхийлж, шаардаж байгааг Монгол Улсын Шадар сайд асан, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар хэвлэлийн хуралд  онцлон тэмдэглэв.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид тэднээс “Р.Амаржаргал, Н.Алтанхуяг нар  танай намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлэл гарсан нь бодитой, эсэхэд хариу өгнө үү”, Э.Бат-Үүл АН-аа ч, бусад намыг ч сонгуульд оролцохгүй байхыг уриалж, уулзсан гэсэн. Танай намд хандсан уу. Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй хориг тавьчих юм бол дараагийн хувилбар хэн байх вэ” гэхчлэн асуултад хариу авлаа. Үүнд Ц.Шаравдорж, Э.Эрдэнэжамъян нар хариулахдаа “Танай намаас нэр дэвшмээр байна гэж бидэнд хэн ч хандаагүй. Э.Бат-Үүл болон АН-аас бидэнтэй уулзсан хүн байхгүй. Түүнчлэн бид нэр дэвшүүлэхгүй бол яах вэ гэсэн байдлаар асуудалд хандаагүй” гэсэн тайлбарыг өглөө.

“Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …