Сүүлийн 10 жилийн туршид Монголын “ТОП-10” сургуулийн жагсаалтад тогтмол орж буй ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай “Гёте” сургуулийн 2017 оны дөрвөн төгсөгч DAAD-ын шалгалтад тэнцэж Германы их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах эрх авсан байна. Монгол хүүхдийг зөв төлөвшүүлж, оюун ухааны өндөр потенциалыг зөв удирдан чиглүүлж чадвал дэлхийд данстай дэлхийн хүн болж чадна гэдэг “Гёте” сургуулийн туршлагаас бүрэн харагдаж байна. Ирээдүй, хойч үедээ оюуны хөрөнгө оруулалт хийж, “ДЭЛХИЙН ХҮН”-ийг хэдийнээ бэлтгээд эхэлсэн тус сургуулийн захирал П.Хажидмаатай ярилцлаа.
-Юуны өмнө танд болон танай сурагчдад баяр хүргэе. DAAD-ын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Энэ нь Германы Эрдмийн Солилцооны Албанаас (DAAD) дэлхийн 140 оронд зарлагддаг “Гоц авьяастан” тэтгэлэг авах эрхийн төлөөх уралдаант шалгаруулалт юм. Тус шалгалт нь дэлхий даяар 1000 гаруй Герман хэлний сургалттай сургуулийн сурагчдын дунд зарлагддаг, IQ шаарддаг орчин үеийн өндөр төвшний шалгалт юм.
DAAD-ын уралдаант шалгаруулалтад 140 орны 14 мянга орчим хүүхэд оролцож, 80-ыг нь л шалгаруулж авдаг, өөрөөр хэлбэл нэг тэтгэлэгийн төлөө 175 хүүхэд өрсөлддөг гэж бодоход манайх шиг хүн ам цөөтэй улсаас дөрвөн хүүхэд тэнцэнэ гэдэг нь маш өндөр үзүүлэлт. Энэ нь монгол хүүхдийн оюуны том потенциалыг гэрчилж байгаагаас гадна бид хүүхдийн сургалт хүмүүжлээ зөв замаар явуулж байгааг нотолж байгаа болов уу.
-Энэ шалгалтад монгол хүүхдүүд хэзээнээс оролцож, ямар үр дүн гаргаж байсан бэ?
-Манай хүүхдүүд энэ шалгалтад 2010 оноос оролцож эхэлсэн. Өнөөдрийг хүртэл “Гёте” сургуулийн 11 төгсөгч тэнцсэн байсан, одоо дахиад дөрвөн хүүхэд тэнцлээ. Тэдний хоёр нь “Гёте” сургуульд тэтгэлгээр суралцан төгсөж байгаа. Нэг ёсондоо энгийн өөр сургуулийн 6-р ангид суралцаж байсан хоёр хүүхдийг би “нүдэлж” аваад сургуульдаа тэтгэлгээр сургасан нь өнөөдрийн амжилтын эзэд боллоо.
-Тус шалгалтад ямар шалгуураар оролцдог вэ. Шалгалтад тэнцлээ гэхэд ямар тэтгэлэг авах уу?
-Герман хэлний Диплом №2-ын шалгалтад тэнцсэн, олон улсын болон улс, хотын олимпиадуудад удаа дараа амжилттай оролцсон, нийгмийн идэвхитэй хүүхдүүдийг сонгож оролцуулдаг. Харин Герман хэлний Диплом №2-ын шалгалтад бол бид хүүхдүүдээ бага ангиас нь бэлтгэдэг. Тэгээд ч энэ жил манай 19 төгсөгч энэ дипломын шалгалтад тэнцэж Герман, Австри, Швейцарийн их, дээд сургуульд суралцах эрхээ өвөртлөөд байна. Эдгээр орны их, дээд сургуульд суралцахад төлбөргүй байдаг. Суралцах 4 жилийн туршид 800 евро авна мөн дээр нь Герман очих, буцах замын зардлыг ХБНГУ-ын Хилийн чанд дахь Ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн Төв газрын өгдөг. Мөн хичээлийнхээ хажуугаар хөдөлмөр эрхлэх боломжтой. Хэрэв амжилттай суралцаж төгсөөд, үргэлжлүүлэн магистрантур, докторантурт суралцвал тэтгэлэгийг үргэлжлүүлэн олгодог зэрэг давуу талуудыг дурдаж болно.
-Танай сургуулийг хуваагдсан гэсэн яриа гарсан байна. Энэ талаар тус сургуулийн захирлын хувьд албан ёсны тайлбар өгнө үү?
-Сургууль хуваагдсан асуудал байхгүй. Манай сургууль энэ оны нэгдүгээр сараас шинэ байранд хичээллэх болсон. Хуучин байр нь талбай багатай тул зарим анги подвальд хичээллэхэд хүрч, биеийн тамирын заалгүй, агаарын бохирдол маш ихтэй дүүрэгт байрладаг байсан. Одоо харин 13 дугаар хорооллын Намьянжугийн гудамжны 16-р байранд байрлах шинэ сургуулийн анги танхим, коридор, орц гарц нь стандарт хангасан, саруулхан, нэгэн зэрэг олон хүүхэд хооллох боломжтой цайны газартай, биеийн тамирын заалтай болсон байгаа.
Хоёр хуваагдсан гэсэн яриа гараад байгааг тайлбарлая. Өмнө нь манай сургуульд байраа түрээслүүлж байсан хэсэг хүмүүс түүндээ сургууль байгуулахаар хөөцөлдөж байгаа гэсэн. Харин зөвшөөрөл нь гараагүй мөн манай сургууль тэдний байранд байсныг ашиглан манай сургуулийн “Гёте” нэрийг барьж элсэлт авч байгаа гэж сонсогдсон. Иймд эцэг эхчүүд анхааралтай байхад илүүдэхгүй болов уу.
-Шинэ байрандаа хүүхдийн суралцах орчныг үнэхээр сайхан бүрдүүлж чаджээ?
-Хүүхдийн сурлага, хөгжилд орчны тав тух тодорхой хэмжээгээр нөлөөлдөг шүү дээ. Шинэ байранд ирээд сурагч, багш нар сурлагын өндөр амжилт гаргаж байна. Жишээ нь, IQ-гийн олимпиадаас нэг алтан медаль, химийн хотын олимпиадаас хоёр мөнгөн медаль, нэг тусгай байр, англи хэлний хотын олимпиадаас хүрэл медаль, түүхийн хотын олимпиадаас хоёр мөнгөн медаль, монгол хэлний хотын олимпиадаас нэг хүрэл медаль хүртсэн. Мөн Биеийн тамирын сагсан бөмбөг, волейбол, теннис, таеквондо, зураг, морин хуурын дугуйлангууд хичээллүүлж байна. “Гёте” сургуульд сурагчид англи хэлийг мөн гүнзгийрүүлэн үздэг. Тийм ч учраас олон төгсөгчид Америк, Япон, Англи, Сингапур, Тайваны их, дээд сургуулиудад өргөнөөр суралцаж төгсдөгийг дурдахад таатай байна.
-Та бүхэн шинэ хичээлийн жилийн элсэлтээ аваад зав муутайхан ажиллаж байх шиг харагдлаа?
-Тийм ээ. Шинэ элсэлтийн бүртгэл эхэлсэн байгаа. Бид нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдээс шалгалт авдаггүй. Мөн бэлтгэлээ үнэгүй явуулдаг байгаа. Нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхэд бүтэн жилдээ 35 үсгээ болон 100-гийн дотор нэмж, хасаж сурах ёстой гэж би хувьдаа боддог. Энэ утгаар хүүхдүүддээ ачаалал бага өгдөг. Анги дүүргэлтийн тухайд 20-26-гийн хооронд хэлбэлздэг. Хүүхдийн сурах үйл явц багшийгаа сонсохоос гадна бие биеээсээ суралцдаг. Багш 26 хүүхдэд хичээл заахад нэг ярьсан зүйлээ наад зах нь 10 удаа давтна. Хүүхэд энэ давталт дунд юм сурахаас гадна нийгэмшиж байдаг юм. Өөрөөр хэлбэл өөр өөрийн үзэл бодол, хандлагатай хүүхдүүд дундаас хүүхэд өөрийнхөө байр суурийг олж авдаг гэсэн үг. Энэ нь цаашдын төлөвшилд нь чухал нөлөө үзүүлдэг.
-Элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг өсвөр насныхны хувьд цаашид амьдралынхаа аль гишгүүр дээрээс алхах вэ гээг шилжилтийн том шалгуур байдаг. Тэгвэл танай сургуулийн төгсөгчид энэ алхмыг хийхэд хэр бэлтгэгдсэн бэ?
-Төгсөгчид ЭЕШ-д дөхүүлж бэлддэг биш угтаа байнга бэлтгэлтэй байх ёстой гэж бид үздэг. Түүнээс биш гэнэт л өдөр, шөнөгүй бэлдээд байхыг хэлэхгүй. Германы боловсролын онцлог нь хүүхэд суралцах явц дундаа өөрийгөө бэлтгээд ямар ч шалгалтыг өгөхөд хэзээд бэлэн байдагт оршдог. Өөрөөр хэлбэл хэзээд ямар ч үед мэдлэгээ чадвар болгон ашиглахыг хэлж байгаа юм л даа.
-Сурагчид англи хэлийг гүнзгийрүүлэн үздэг гэж дээр хэллээ. Өөрөөр хэлбэл хоёр гадаад хэлтэй төгсдөг гэсэн үг үү?
-Тийм ээ. Герман хэл давамгайлдаг гэж олгож болохгүй. Англи хэлийг герман хэл шиг гүнзийрүүлэн үздэг. Манай сурагчид англи хэлний хот, улсын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцдог. Гётё сургууль маань сүүлийн 10 жилийн туршид сургалтын чанараараа Монголын “ТОП-10” сургуулийн жагсаалтад тогтмол ордог болсон. Хэлнээс гадна математик, хими, физик, түүх, нийгмийн хичээлүүдэд мөн өндөр амжилт үзүүлдэг. Энэ жилийн хувьд хотын болон улсын химийн олимпиадаас тус тус мөнгөн медаль авлаа. Энэ мэт амжилт, ололтоор 15 жилийн ойгоо бид угтаж байна.
-Та бүхний ойрын зорилтыг сонирхвол?
-Аль болохуйц олон монгол хүүхэд энэ сайхан боломжийг хүртээсэй гэж хүсч байна. Ирээдүйд улс орноо авч явах хүмүүсийг бид бэлтгэж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад дээд боловсрол эзэмших замыг нь бид гаргачихлаа. Хүүхдийг Диплом № 1-2, DAAD-ын уралдаант шалгаруулалтад бэлтгэх “Гёте” сургуулийн технологи нь амьдралаар батлагдчихлаа. Олон монгол хүүхдийг бэлтгэхийн тулд энэ жил бид сургуулийнхаа байрыг өргөтгөх шаардлагатай байна. Уул нь бид энэ жилээс 13-р хороололд “Шөнийн зах”-ын харалдаа илүү том байранд нүүж орсон ч тооцоолсноос олон хүүхэд бүртгүүлж байна.
– Ярилцсанд баярлалаа.